Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт эхэллээ

Европын холбооны санхүүжилтээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн газар, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын хэрэгжүүлж байгаа “Монгол Улсад Тогтвортой Хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь” энэхүү төсөлд ХНХЯ-ны Салбарын хяналтын газар хамтран оролцож байгаа бөгөөд төслийн хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага хамтран зохион байгуулж буй Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт өнөөдөр эхэллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтыг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа,  Олон улсын  хөдөлмөрийн байгууллагын Үндэсний зохицуулагч, П.Болормаа,  Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Т.Бадрахбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын албан үүргийг  түр орлон гүйцэтгэгч Ц.Ганцэцэг нар үг хэллээ.


Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа сургалтыг нээж  үг хэлэхдээ  “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах,  хяналтын  улсын байцаагчдын чадавхыг бэхжүүлэхэд  дэмжлэг үзүүлж, арга зүйгээр хангаж, энэхүү сургалтыг зохион байгуулах боломж олгосон Европын Холбооны Улс, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Олон Улсын Хөдөлмөрийн Байгууллага болон “Тогтвортой хөгжлийн зорилтуудтай уялдсан төсвийн төлөвлөлтөөр хөдөлмөр эрхлэлтийн шинэчлэлийг дэмжих нь төсөл”-ийн баг хамт олонд талархал илэрхийлье.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын хяналт шалгалтын төлөвлөгөөг яамны бодлогын зорилт, стратеги болон гүйцэтгэлийн төлөвлөгөөтэй уялдуулан объектын эрсдэлийн ангиллыг харгалзан Засгийн газрын 2023 оны “Хяналт шалгалтын төлөвлөгөө батлах тухай” 79 дүгээр тогтоолоор батлуулж, их, дунд эрсдэлтэй үнэлэгдсэн 2413 объектод хөдөлмөр, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалт хийхээр төлөвлөөд байна.

Хяналт шалгалтын чиг үүргээ хэрэгжүүлэх явцад бид салбарын хэмжээнд мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд онцгой анхаарч, гарч байгаа хийдэл, зөрчил, ойлгомжгүй байдал бүрд дүгнэлт хийж ажиллахын зэрэгцээ бусад салбарт ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх болон манай салбарын хууль тогтоомж хэрхэн хэрэгжиж байгаад хяналт тавьж ажиллах шаардлагатай байна. Монгол Улсын хэмжээнд 2018-2022 онуудад хөдөлмөрлөх үүргээ биелүүлэх явцдаа амь насаа 213, хүнд гэмтсэн 765, хөнгөн гэмтсэн 646, нийт 1624 үйлдвэрлэлийн осол, хурц хордлого бүртгэгдэж, нийт осолдогчийн 13.1 хувь нь нас барсан харамсалтай тоо мэдээ байна.

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого нь шалтгаангүйгээр тохиолддоггүй бөгөөд ажил олгогч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байгаагаас гадна ажилтан, хөдөлмөр эрхлэгч хүн бүрийн сахилга бат, хувийн зохион байгуулалт, анхаарал болгоомжгүй, аливаа зүйлийг хялбарчлах гэсэн сэтгэлгээтэй зарим талаар холбогдон гарч, хохирч байгаа юм.

Иймд үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг бүх шатанд зохион байгуулах, хууль тогтоомж, стандарт шаардлагыг хангуулахад  хөдөлмөрийн хяналтын үйл ажиллагааг эрчимжүүлж ажиллах хэрэгтэй байна.

Мөн салбарын хууль тогтоомж, түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон дүрэм, журмын хэрэгжилтийн байдлыг судлан хяналт шалгалтын танилцуулгыг үндэслэл, нотолгоотой нэгтгэж, ирүүлснээр салбарын бодлогоо тодорхойлох, холбогдох хууль тогтоомжийг боловсронгуй болгоход, хөдөлмөрийн эрүүл ахуй, нийгмийн хамгааллын хяналтын улсын байцаагч та бүхний үүрэг оролцоо онцгой чухал юм.

Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар төрийн хяналт шалгалтын чиг үүргийг зөвхөн салбарын сайдаас эрх олгогдсон салбарын улсын ерөнхий байцаагч, улсын ахлах байцаагч, улсын байцаагч хэрэгжүүлдэг. Төрийн хяналт шалгалтыг хэрэгжүүлэх улсын байцаагч нь хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулах эрх бүхий албан тушаалтан бөгөөд төрийн хяналт шалгалтын чиг үүргийг хэрэгжүүлэхдээ хараат бус, нээлттэй, ил тод байх зарчмыг баримталж, ажилтан хүний амь нас, эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгааллын асуудлыг онцгой анхаарч, мэдрэмжтэй, хүнлэг, шударга ажиллах” ёстойг онцлов.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтад Төрийн албаны зөвлөлийн гишүүн Ц.Амартөгс Төрийн албаны шинэтгэл-Төрийн албан хаагчийн ёс зүйн асуудал болон шинээр батлагдсан хуулийн талаар танилцуулж, төрийн албан хаагч өргөсөн тангарагтаа үнэнч, шударга, ёс зүйтэй, хуулийн хүрээнд ажиллахыг онцоллоо.


Энэхүү сургалтын зорилго нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын хяналт салбарын яаманд шилжин ирсэнтэй холбоотойгоор яамны бодлого, үйл ажиллагаа, шинэчлэгдэн батлагдсан дүрэм, журам, хяналтын хуудаснуудыг танилцуулах, Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжид заасан чиг үүргийг хэрэгжүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлаар салбарын улсын байцаагчдыг мэргэжил арга зүйгээр хангах, шинээр боловсруулсан хяналтын хуудаснуудыг хэрхэн үйл ажиллагаандаа ашиглах талаарх мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, практик дадлагаар чадавхжуулах юм.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалтад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар, аймаг нийслэл, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтсийн хөдөлмөрийн хяналтын 70, хөдөлмөрийн эрүүл ахуйн хяналтын 25, Нийгмийн даатгалын ерөнхий газар, аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсийн нийгмийн хамгааллын хяналтын 35, нийт 130 улсын байцаагч хамрагдаж байна.

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Салбарын хяналтын улсын байцаагчдын нэгдсэн сургалт гурван өдөр үргэлжлэх бөгөөд энэхүү сургалтаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа, хууль тогтоомжийн хэрэгжилт, Төрийн албан хаагчийн ёс зүй, Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагын Хяналтын арга аргачлал болон эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг төлөвлөх, зохион байгуулахад анхаарах асуудлын талаар танилцуулж, практик дадлагатай хосолсон мэдлэгийг олгоход чиглэгдэж байна.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …