Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар БНСУ-ын Сөүл хотод албан томилолтоор ажиллаж буй. Энэ хүрээнд тэрбээр Сөүл хотын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Ким Хён Ги, Хотын дарга У Сэ Хүн нартай уулзсан юм. Хоёр хотын хамтын ажиллагаа, цаашдын боломжуудын талаар Д.Сумъяабазараас тодрууллаа.
-Улаанбаатар хот 1995 онд БНСУ-ын Сөүл хоттой ах дүүгийн харилцаа тогтоосон. Хоёр хотын хамтын ажиллагаа өдгөө ямар түвшинд байна вэ?
-1990-ээд оны нийгмийн өөрчлөлт, шинэчлэлийн дараа бид гуравдагч хөршийн бодлогыг баримталж эхэлсэн. Энэ хүрээнд Улаанбаатар хоттой ах дүүгийн найрамдалт харилцаа тогтоосон анхны хотуудын нэг нь Сөүл. Тэр цагаас хойш хоёр хотын хамтын ажиллагаа олон салбарт өргөжин тэлж байна. Тухайлбал, боловсрол, эдийн засаг, соёл урлаг, аялал жуулчлал, худалдааны салбарт хамтран ажиллаж буй. Энэ удаагийн уулзалт, хэлэлцээрүүдийн дүнд хамтын ажиллагааны хүрээг тэлнэ гэж харж байна.
-Цаашид ямар, ямар салбарт хамтран ажиллах боломж байна вэ?
-Сөүл бол бүс нутагтаа хөгжлөөрөө түүчээлж буй хот. Тиймээс хоёр хот хөрөнгө оруулалт, худалдааг нэмэгдүүлэх, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, хотын тулгамдсан асуудлуудыг шийдэхэд хамтран ажиллах бүрэн боломжтой. Агаар, орчны бохирдлыг бууруулах, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд Сөүлийн хэрэгжүүлж буй ухаалаг, оновчтой шийдэл, шийдвэрийг Улаанбаатарт нутагшуулах, туршлага судлахад онцгой анхаарна. Сөүл хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай хийсэн уулзалтын сэдэв ч үүнд чиглэсэн.
–Та Сөүл хотын дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга нартай уулзлаа. Эдгээр уулзалтын үр дүнг хэрхэн харж байна вэ?
-Хоёр хотын худалдаа, эдийн засгийн эргэлт чамлахааргүй өндөр түвшинд байна. Гэхдээ цаашид илүү өргөн хүрээнд, бодлогын түвшинд хамтарч ажиллах олон боломж бүрдэх суурийг тавьж байна гэж харлаа. Дээр дурдсанчлан, хотын тулгамдсан асуудлыг шийдэх тодорхой ажлуудыг үе шаттай хийхээр ярилцсан. Мэдээж, БНСУ-д, тэр дундаа Сөүл хотод ажиллаж, амьдарч буй монгол иргэдийнхээ эрх ашгийг хамгаалах, үүн дээр Улаанбаатарын зүгээс ямар байдлаар оролцож болох вэ гэдэг талаар санал солилцлоо. Улаанбаатар, Сөүлийн түншлэлийг шинэ түвшинд гаргаж, үр дүнтэй, харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд энэ удаагийн уулзалтууд чухал үүрэг гүйцэтгэнэ. Түүнчлэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дараа дараачийн ажилд ахиц дэвшил гаргах суурь бүрдүүлэхэд бид анхаарч буй.
Улаанбаатарын хувьд ч, Сөүлийн хувьд ч тулгамдаж буй нийтлэг асуудлууд бий. Тухайлбал, ажиллах хүчний хомсдол, уур амьсгалын өөрчлөлт, хүн амын төвлөрлийг дагасан асуудлууд байна. Тэгэхээр энэ бүхнийг шийдэхэд харилцан туршлага солилцох, хамтарч ажиллах боломж байгаа юм.