Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Монгол Улсын Шадар сайдын ажлын алба, Онцгой байдлын ерөнхий газар, НЗДТГ хамтран “Нийслэл Улаанбаатар хотод газар хөдлөлтийн гамшиг тохиолдож, онц байдал тогтоосон үеийн төрийн байгууллагуудын харилцан хамтын ажиллагаа” сэдэвт стратегийн команд штабын сургуулийг ирэх зургадугаар сарын 7-9-ний өдрүүдэд зохион байгуулна. Энэ хүрээнд Онцгой байдлын ерөнхий газраас “Бэлэн бай” аяныг улсын хэмжээнд эхлүүллээ.
Газар хөдлөлтийн аюулаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг таниулах зорилготой уг аян зургадугаар сарын 9-н хүртэл үргэлжилнэ.
Аяны хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хуулийн дагуу иргэдэд газар хөдлөлтийн аюул, урьдчилан сэргийлэх арга хэмжээ, бэлтгэл, бэлэн байдлыг хангуулах талаар ойлголт, мэдээлэл өгөх юм. Мөн www.belenbai.mn сайтыг ашиглалтад оруулж, иргэд мэдээллийг нэг дор авах боломжийг бүрдүүлээд байна. Олон нийтийн газруудад байршуулсан “Бэлэн бай” сурталчилгааны самбар дээрх QR кодоор дамжуулан тус сайт руу мөн нэвтрэх боломжтой.
Монгол орны нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 327,576 удаагийн газар хөдлөлт болжээ. Эдгээр газар хөдлөлтөөс 6-6,9 магнитудын газар хөдлөлт 3 удаа, 5-5,9 магнитудын газар хөдлөлт 18 удаа, 4-4,9 магнитудын газар хөдлөлт 238 удаа, 3-3,9 магнитудын газар хөдлөлт 1717 удаа буюу 3-6,9 магнитудын газар хөдлөлт 1976 удаа бүртгэгдсэн байна.
Тухайлбал, 2022 онд нийт 58,266 удаагийн газар хөдлөлт болж, 3.- 3.9 магнитудын газар хөдлөлт 112, 4.-4.9 магнитудын газар хөдлөлт 19, 5.-5.9 магниутдын газар хөдлөлт 3 удаа болжээ. 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Хөвсгөл аймгийн Ханх сумын нутагт 6.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болж түүний давталт хөдлөлтүүд 137,849 удаа болсон нь өмнөх 10 жилийн дунджаас 7 дахин их газар хөдлөлт болсон байна.
Харин Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт 2011-2022 онд нийт 12,589 удаагийн газар хөдлөлт болсноос, 5-5,9 магнитудын газар хөдлөлт 1 удаа, 4-4,9 газар хөдлөлт магнитудын газар хөдлөлт 6 удаа, 3-3,9 магнитудын газар хөдлөлт 61 удаа буюу 3-5,9 магнитудын газар хөдлөлт 68 удаа бүртгэгдсэн байна