Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн даваа гараг бүрийн ээлжит “Өглөөний уулзалт” эхэллээ.
Уулзалтад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар болон Улаанбаатар хотын есөн дүүргийн цэцэрлэг, Ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд, ахлах ангийн багш нарын төлөөлөл оролцож байна.
Нийслэлийн СБД-ийн 1-р сургуулийн математикийн багш З.Бат-Эрдэнэ:Боловсролын байгууллагад ажиллаж байгаа нийт багш нарын цалин доод тал нь нэг сая төгрөг байгаа. Цалинг 20 хувь нэмлээ гэхэд 1,2 сая төгрөг болно. Үүний оронд хувь тооцож нэмэх бус мөнгөн дүнгээр нэмүүлвэл зүгээр санагддаг. Мөн орон нутагт ажиллаж байгаа багш нарт таван жил тутамд нэмэгдэл олгодог. Үүнийг Улаанбаатар хотод ажиллаж буй багш нарт бас олгож өгмөөр байна. Тэгэхгүй бол багшлах боловсон хүчний асуудал улам хүндрэлтэй болж байна. Багш нарын ихэнх нь орон сууцны ипотекийн 8 хувийн хүүтэй зээлтэй. Энэ зээлийг 6 хувийн хүүтэй зээл рүү шилжүүлж өгмөөр байна.
Багануур дүүргийн “Оюуны эрин” сургуулийн хөгжмийн багш Г.Оюунжаргал: Налайх, Багануур бол нийслэлийн есөн дүүргийн нэг. Алслагдсан гурван дүүрэгт ажиллаж буй биднийг хөдөөний багш гэдэг. Гэтэл нийслэлийн нэг дүүрэг учраас бидэнд нэмэгдэл олгодоггүй. Манай Баганууртай 10 гаруй км зайтай байдаг Төв аймгийн Эрдэнэ, Баяндэлгэр гээд сумдад багшилж байгаа хүмүүс таван жил тутамд цалингийн нэмэгдэл авдаг. Нийслэлээс алслагдсан гурван дүүргийн багш нарт нэмэгдэл олгомоор байна.
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 103-р цэцэрлэгийн багш Б.Нямсүрэн: Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын ачаалал, анги дүүргэлт өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ жилээс харьцангуй багассан. Цэцэрлэгийн хүртээмж ч манай хороодод нэмэгдсэн. Чингэлтэй дүүргийн 17-р хороонд гурав, 18-р хороонд гэхэд хоёр цэцэрлэг ажиллаж байна. Ачаалал үнэхээр багассан. Ер нь хүн ам төвлөрсөн газраа бол хүүхдийн тоо их байдаг. Үүнийг нэг ангид 25 хүүхэд гээд стандарт тогтоож өгмөөр санагддаг.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын 97-р сургуулийн бага ангийн багш И.Мөнхцэцэг:Бага ангийн багш нар хүүхдэд найман төрлийн шинжлэх ухааныг эзэмшүүлэх гэж хичээдэг. Багш бэлтгэдэг сургуулиудын чанарт онцгой анхаармаар байна. Биднийг багш болж байхад сургуульдаа сурлагын чанараар 1, 2-оор жагссан хүүхдүүдийг шалгаруулж авдаг байсан. Бага ангийн багш бол хүүхэдтэй харилцах харьцаа, хүүхэд хайрлах байдал гээд маш олон зүйлийг эзэмшсэн байх ёстой байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд энэ байдал алдагдсан. Тиймээс багш бэлтгэх босго оноог өндөрсгөж, шалгуурыг нь сайжруулахад анхаармаар санагддаг.