АТГ: БЗС-ийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг байсан зөрчил илэрсэн

Авлигатай Тэмцэх Газраас өнөөдөр /2023.05.22/ Боловсролын зээлийн санд хийсэн шалгалт, илэрсэн зөрчлүүд, авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.


АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Н.Тэмүүлэн“Авлигаас урьдчилан сэргийлэх чиг үүргийнхээ хүрээнд АТГ өнгөрсөн хугацаанд Боловсролын зээлийн санд шалгалт оруулж, тодорхой зөрчлүүд илэрсэн.

Шалгалтаар илэрсэн зөрчлүүд:

Боловсролын зээлийн сангийн зарим албан тушаалтныг хэрхэн сонгон шалгаруулсан нь тодорхойгүй, ил тод байдлыг хангаагүй.

Ажлын байрны тодорхойлолтод заасан тусгай шаардлагыг хангаагүй хүмүүсийг томилж, ажиллуулдаг.

Өөртөө урамшуулал, нэмэгдэл олгох шийдвэр гаргах.

Өөрийнхөө сургалтын төлбөрийн зээлийн барьцаа хөрөнгийг чөлөөлсөн буюу нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчсөн.

Гадаадад суралцагчдын зээлийг чөлөөлөх асуудлыг холбогдох хууль тогтоомжид нийцүүлж хэрэгжүүлээгүй. Тухайлбал, 2011 оноос хойш сургалтын төлбөрийг чөлөөлөх, хөнгөлөх асуудлыг УИХ-аар журам гаргаж шийдвэрлэхээр зохицуулсан. Гэвч БШУ-ны үе үеийн сайд нар хууль зөрчиж зээл чөлөөлөх тушаал, шийдвэр гаргадаг байсан.

Хууль зөрчиж чөлөөлсөн сургалтын төлбөрийн зээл, түүний улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлдэггүй.

НДШ-ийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр төлдөг, хугацаа нь дуусаагүй байхад зээлийг чөлөөлдөг.

Захиалагч байгууллагатай гэрээнд заагдсан хугацаанд ажиллаагүй хүмүүсийг зээлээс чөлөөлдөг.

Боловсролын зээлийн сангийн зээлээр гадаадад суралцаж байгаа хүмүүст хувийн дансаар нь сургалтын төлбөрийг шилжүүлдэг.

БЗС-гаас явуулж буй мөнгөн гүйлгээг нягтлан шилжүүлдэггүй. Жишээ нь, тухайн сургуулиас австрали доллароор нэхэмжлэл ирүүлсэн байхад ам.доллароор шилжүүлдэг гэх мэт зөрчлүүд илэрлээ.

Эдгээр зөрчилтэй холбоотой зөвлөмжийг ЗГХЭГ, БШУЯ-нд хүргүүлсэн. БЗС-гийн зээлийг олгохдоо бусдад давуу байдал бий болгосон эсэх, зээлийг зориулалтын дагуу зарцуулсан эсэх, зохих зорилтот мэргэжилтэн бэлтгэхэд олгосон эсэхийг АТГ-ын мөрдөн шалгах хэлтсээс шалгаж байна” гэв.

 

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …