Боловсролын зээлийн сангаас зээл авч, эргэн төлөөгүй хүмүүсийн нэрсийг олон нийтэд зарлаж байгаа. Тэгвэл тус мэдээлэлтэй холбогдуулан Цахим хөгжил, харилцаа холбооны дэд сайд асан Б.Болор-Эрдэнэ өөрийн цахим хуудсандаа Боловсролын зээлийн сангаас авсан 32,000 ам долларын зээлийнхээ талаар тайлбар өгчээ.
Тэрбээр “Миний бие Оксфордын их сургуульд 2015 онд элсэх хүсэлтээ өгч 100% тэтгэлэг авсан ч тухайн үед эрүүл мэндийн асуудал болон эхлүүлсэн төслөө дуусгах ажлын шаардлага байсан учраас сургуульдаа явж чадаагүй. 2016 дахин эхнээс нь материалаа бүрдүүлж, ярилцлаганд орж тэнцсэн. 2015 элсэхдээ бүрэн тэтгэлэг авсан ч ирээгүй учраас 2016 онд бүтэн тэтгэлэг өгөх боломжгүй гэсэн хариуг тус сургуулиас авсан. Дээрээс нь 2016 онд сургалтын төлбөр овоо ч нэмэгдсэн байсан тул БЗС-д материалаа өгч, шалгаруулалтанд орсон. (Доорх баримтуудыг харж болно)
Сайд дарга, эсвэл баян тансаг гэр бүлээс гаралгүй, эгэл жирийн айлаас гаралтай надад тухайн үед энэ зээл маш их тус болсон нь үнэн. Би баян айлын хүүхдүүд шиг гадаадад амьдарч, цэвэр Англи хэлтэй болоогүй. Англи хэлээ өөрөө бие дааж үзэж, хэлний шалгалтаа хэд хэдэн удаа өгч, эссэнүүд дээрээ хэдэн сар ажиллаж байж тэнцэж байв. Эцэг эх нь насаараа сайд дарга насаараа хийсэн хүмүүстэй нийлүүлээд л аав нь баян гээд танихгүй хүний зураг тавиад их сэвсэндээ.
2016 онд би олон улсын байгууллагад ажилладаг байсан. Тухайн үед БЗС-ийн шалгаруулалтаар нь явж, тэнцэж зээлийг ээж аавынхаа байрыг барьцаалаад авсан. Үнэндээ төрийн байгууллагад нөлөөлөх битгий хэл таньдаг хүн ч байхгүй байлаа. Дэд сайд болоод зээл авсан мэтээр ойлгуулж байгааг харахад харамсалтай байна.
Та бүхэн мэдэж байгаачлан дэлхийн шилдэг сургуулиудын төлбөр өндөр үнэ өртөгтэй байдаг. Оксфордын их сургуулийн хувьд сургалтын төлбөрөөс гадна коллежийн төлбөр байдаг бөгөөд Оксфорд хот Англи улсдаа амьдрах зардал өндөртөө ордог хотуудын нэг.
2016 онд БЗС-ээс авсан 32,000 ам долларын зээл сургалтын төлбөрийн тодорхой хувийг бүрдүүлсэн бол Оксфордын их сургуулиас үлдсэн сургалтын төлбөр, коллежийн төлбөр болон амьдрах зардлын стипенд багтаасан нэлээн том дүнтэй тэтгэлгээр шагнуулж 2017 онд сургуулиа амжилттай суралцаж төгсөж байлаа. Тус зээлийг төлөхөөр төлөвлөж ирсэн учраас зээл тэглүүлэх шаардлага хангасан ч БЗС-д нэг ч удаа зээлээ чөлөөлүүлэхээр хүсэлт гаргаж, хандаж байгаагүй гэдгээ хэлэх нь зүйтэй.
Хамгийн сонирхолтой нь өнөөдөр би суралцахаар зээл авч байсан сургуульдаа ажиллаж байна. Энэ ажлынхаа хажуугаар гадаадын технологийн компаниудад зөвлөх үйлчилгээ үзүүлж байгаа. Эдгээр орлогоосоо зээлээ маш яаралтай төлөхөөр ажиллаж байна. Эгэл жирийн гэр бүлээс гаралтай над шиг олон залуус мөрөөдлөө биелүүлж дэлхийн шилдэг сургуульд яваасай гэдэг үүднээс нээлттэй зөвлөгөө их өгч, олон ч хүмүүст захиа (reference letter) өгсөөр ирсэн. Нэлээн хэдэн залуучууд сургуульдаа тэнцэж, суралцаж байна.
Түүнчлэн сургуулиа төгсөөд Оксфордын их сургуулийн эрдэмтдийг авчирч, цахимжуулалтын томоохон судалгааны ажлууд болон “Цахим эрин дэх нүүдэлчид” гэдэг төслийг ч хэрэгжүүлж байсныг минь та бүхэн мэднэ. БЗС-ийн асуудлыг хөндсөн, шүгэл үлээж энэ их авлигал, бугшсан асуудлыг гаргаж ирж байгаа сэтгүүлчид, иргэдэд баярлаж байна. Миний хэлсэн төрийн бугшсан 30 жилийн систем энэ шүү дээ. Энэ системийг өөрчлөхгүйгээр, ийм тогтолцоог бүтээгчид төрийг эзэлсээр байгаа цагт хэзээ ч цэвэрлэгдэхгүй. БЗС шударгаар шалгуур хангасан залууст тусалж, мэдлэг чадвартай, нэр төр, сэтгэлт зүрх нь цэвэр шинэ үеийнхэн төрд ажиллаж, төрийн албанд шинэ цагийг авчраасай гэж хүсч байна” гэжээ.