Дэлхийд хамгийн томд тооцогддог, нэр хүндтэй “Air show” агаарын шоуг Монголд анх удаа “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын хөөрөх зурваст зохион байгуулах гэж байна.
Энэхүү шоу өдөрлөг үндсэн хоёр хэсгээс бүрдэх бөгөөд гэр бүл, хүүхдүүдэд чиглэсэн арга хэмжээнээс гадна залууст зориулсан хамтлаг, дуучдын тоглолт ч болох юм.
Тодруулбал, өдрийн арга хэмжээний үеэр цэргийн “МИГ-29” сөнөөгч онгоц, агаарын парад, агаараас авран хайх баг, шүхэрчдийн үзүүлбэр болох бөгөөд Үндэсний урлагийн их театр бүрэн бүрэлдэхүүнээр тоглох юм. Энэ үеэр хүүхэд багачууд нисэх онгоцонд зочлох, музей үзэх, зургаа авахуулах боломжтой. Мөн мэргэжил сурталчлах өдөрлөгт нисэхийн салбарын мэргэжилтэн бэлтгэдэг Монгол, БНСУ-ын шилдэг хоёр их сургуулийн төлөөлөл ирж, танилцуулга мэдээлэл өгөх юм. Харин үдшийн хөтөлбөрт Өмнөд Солонгост шилдэгт эрэмбэлэгддэг DJ, Монголын алдартай хамтлаг, дуучид оролцоно.
“Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлын дарга Л.Отгонжаргал:Олон улсад зохион байгуулдаг агаарын шоуг Зам, тээврийн хөгжлийн яам, Батлан хамгаалах яам, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, НЗДТГ, ОБЕГ хамтран зохион байгуулж байна. 2023 оныг Монголд зочлох жил болгон зарласантай холбогдуулан эх орноо гадаадад сурталчлах, салбарын үйл ажиллагааг олон улсын жишигт хүргэхэд энэ шоуны зорилго оршиж байна гэлээ.
“Air show”-нд зориулан 12 мянган га талбайд тайз засаж, хамгийн шинэлэг үзүүлбэрүүдийг толилуулахаар бэлдсэн бөгөөд худалдаа, үйлчилгээний 100 гаруй асрыг байрлуулан аюулгүй байдал, хамгаалалтыг цогцоор нь шийдсэн аж. Мөн тавдугаар сарын 26, 27-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн 120-ийн автобусны буудлаас Буянт-Ухаа нисэх онгоцны буудал руу цаг тутамд автобус үнэгүй үйлчлэх юм.