УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр /2023.05.30/ хуралдаж ЦАЛИН, ТЭТГЭВРИЙГ ирэх долоодугаар сарын 1-нээс нэмэх саналыг дэмжлээ.
Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Сангийн сайд Б.Жавхлан мэдээлэл хийв.
Сангийн сайд Б.Жавхлан “Маргааш Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр нэмэх асуудлыг хэлэлцэж, саналаа УИХ-д өргөн барина.
Хүүхдийн мөнгийг хүсэлт гаргасан хүүхэд бүрт олгоно. Хүүхдийн мөнгөнөөс хасагдсан хүүхдүүдийн мөнгийг нөхөж олгох шийдвэрийг гаргалаа.
Цалин, тэтгэврийг нэмнэ. Ингэхдээ хавтгайгаар нь нэмэх бус тэтгэвэр, цалингийн зөрүүг арилгана. Суурь цалин болон суурь тэтгэврийн хэмжээнд өөрчлөлт оруулна. Энэхүү үйл ажиллагаанд 1.3 их наяд орчим нэмэлт санхүүжилт шаардлагатай. Засгийн газраас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүнд 2022 оны төсөв 1.5 их наядын өсөлттэй байсан.
2023 оны эхний улирлын байдлаар 19.6 сая тонн нүүрс гаргалаа. Одоогийн байдлаар 337 тэрбум төгрөгийн орлоготой байгаа юм. Цаашид үүнийг хадгалах замаар оны эцэст энэ удаа хийж буй тодотголд шаардлагатай санхүүжилтийг хангаж чадна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдээ хардаг эцэг эхийн халамжийг 325 мянга болгоно.
Асаргаа шаардлагатай хүүхдээ хардаг эцэг эхийн халамжийг 255 мянга болгоно” гэж мэдэгдлээ.