Нийслэл дэх нөөцийн махны бүрдүүлэлт 61,5 хувьтай байна

99751c8e5b4e6f19originalӨнөөдөр Үйлдвэр хөдөө аж ахуйн яамны төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргал ахлуулсан албаныхан нөөцийн мах хүлээн авч буй агуулахуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцан, мах бэлтгэгчдэд заавар зөвлөмж өглөө.
Энэ сарын 25-нд худалдаалагдах ёстой “нөөцийн махны бэлтгэл хэт удаан, санхүүжилт тасарсан, дөнгөж 25 хүрэхгүй хувийг бэлтгээд байгаа” гэх мэдээлэл гараад байсан учир тус шалгалтыг хийсэн байна.
Албаныхан “Баатарууд тэнгэр” ХХК-ийн БЗД-ийн Оффицеруудын ордны тойргийн зүүн талд байрлах агуулах болон  Сонсголонд байрлалтай, “Эй Эн Ди Эм” ХХК-ийн 22-ын товчооны замын урд байрлах нийт гурван агуулахаар очиж, компанийн мэргэжилтнүүдээс мах бэлтгэлийн үйл явц ямар байгааг асууж шалгалаа.
Тодруулбал, “Баатарууд тэнгэр” ХХК-ийн Баянзүрх дүүрэг дэх агуулахад 6000 гаруй тонн нөөцийн мах бэлтгэх ёстойгоос одоогийн байдлаар 4200-4500 тонныг бэлтгэсэн байгаа ажээ. Үүний 1800 тонн махыг сертификатаар баталгаажуулан, харилцдаг банкнаасаа санхүүжилтээ өнөөдөр шийдүүлэхэд бэлэн болсон талаар тус компанийн мэргэжилтнүүд хэлсэн юм. Өөрөөр хэлбэл, нөөцийн мах бэлтгээд, түүнийг заавал сертификатаар баталгаажуулах ёстой бөгөөд сертификатаа бичсэний дараа банкнаас энэ хэмжээгээр санхүүжилтээ авч байх ажээ. “Нөөцийн мах бэлтгэх ажиллагаанд ямар саад гарч байна вэ” гэсэн Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Золжаргалын асуултад “Баатарууд тэнгэр” ХХК-ийн гүйцэтгэх захирал Х.Цэцэгмаа “Одоогоор мах бэлтгэл хэвийн үргэлжилж байна. Санхүүжилт ч асуудалгүй байгаа” гэж хариулсан юм.
Одоогийн байдлаар, Дархан, Эрдэнэт хотод бүрдүүлэх махыг 100 хувь бэлтгэж, 86 хувийг сертифтикатаар баталгаажуулаад байгаа бол нийслэлд 7382 тонн мах бүрдүүлэхээс одоогийн байдлаар 61.5 хувийг бэлтгэж, 60 хувийг нь сертификатаар баталгаажуулсан байна.
Дашрамд дуулгахад, нөөцийн махын үнийн хувьд өмнөх жилийнхтэй ижил үнээр худалдах бөгөөд одоогоор нөөцийн махыг худалдаалах цэгүүдийг тодорхой гаргаагүй байгаа аж. Мөн энэ жил улс орны хэмжээнд нийт 14 мянган тонн мах нөөцлөх бөгөөд Засгийн газраас энэ жил “Махны нөөц бүрдүүлэх үнийг тогтворжуулах хөтөлбөр”-т 85 тэрбум төгрөг төсөвлөжээ.
index

Санал болгох мэдээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд 42 сая мод тарьж ургуулж, 63 сая тарьц, суулгацын нөөц бүрдүүлжээ

“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, Бүх нийтээр мод тарих өдөр, цаашид хийх ажлын талаар Ерөнхийлөгчийн …