Автомашингүй өдөрлөгт очсоноор спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх боломжтой

Маргааш буюу зургаадугаар сарын 3-нд Автомашингүй өдөр, мөн “Улаанбаатар марафон-2023” олон улсын гүйлтийн тэмцээн болно. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан бөгөөд маргааш 06:00-18:00 цагийн хооронд зарим замын хөдөлгөөнийг хязгаарлах юм.

Тодруулбал, Сүхбаатарын талбай (Д.Сүхбаатарын гудамж, Их сургуулийн гудамж), Сөүлийн гудамж, Партизаны гудамж, “Бөмбөгөр” худалдааны төвийн уулзвар, Төмөрчний гудамж, Гэсэр сүмийн уулзвар, Самбуугийн гудамж, Анкарагийн гудамж, Бага тойруу, Бээжингийн гудамж, Токиогийн гудамж, Сансарын туслах замаар Энхтайваны өргөн чөлөөний Зүүн 4 замын уулзвараас Баруун 4 замын уулзвар, Чагдаржавын гудамж, Элчингийн гудамж, Олимпын гудамж, Гэндэнгийн гудамж, Чингисийн өргөн чөлөөний Монголын хүүхдийн ордны уулзвараас “Монгол шуудан”-гийн уулзвар болон дотогш замуудын автомашины хөдөлгөөнийг хязгаарлана.


Энэ жил “Улаанбаатар марафон” цар хүрээгээ тэлж, өдөрлөг болон өргөжиж буй. Тодруулбал, өмнөх жилүүдэд гүйлтийн тэмцээн болоод өнгөрдөг байсан бол энэ жил Сүхбаатарын талбайд гүйгчид болон иргэд эмч, мэргэжилтнүүдээс эрүүл мэндийн зөвлөгөө, үйлчилгээ авах, бүх төрлийн спортын клубүүдэд 20-65 хувийн хөнгөлөлттэй үнээр бүртгүүлэх, эрүүл мэнд, спортын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудтай танилцах боломжтой.

Мөн урлаг соёлынхон бүтэн өдрийн турш олон нийтэд зориулж уран бүтээлээ толилуулахаас гадна хүүхэд багачуудад зориулсан циркийн үзүүлбэр, балет, хүүхдийн иог, таеквондо, туялзуур сэлмийн үзүүлбэр, 16:00 цагаас “Open mic” болно.

Иргэд бүтэн өдрийг Сүхбаатарын талбайд энэ мэт үр бүтээлтэй, дурсамжтай өнгөрөөх боломжийг зохион байгуулагчид бүрдүүлжээ.

Түүнчлэн 4-р эмнэлэг, “Гялс” төв, “Монгол эм импэкс нэгтгэл”, “Денк фарм” эмнэлгийн анхан шатны үйлчилгээ, оношилгоо, ясны сийрэгжилтийг тодорхойлох үйлчилгээ үзүүлж, “Ахиллас Монгол” ТББ хөхний хот хавдар, умайн хорт хавдрын оношилгоо хийнэ.

 

 

Санал болгох мэдээ

УЕПГ: Авлига, албан тушаалын 3 хэргийг шүүхэд шилжүүллээ

Прокурорын байгууллага 2024 оны 4 дүгээр сарын 22-ноос 30-ны өдрүүдэд 274 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн …