Засгийн газар өнгөрсөн есдүгээр сард “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд Хувийн хэвшил, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлэх ажил үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай 340-р тогтоолыг гаргасан. Тодруулбал, тус тогтоолд сонгон шалгаруулалтын үндсэн дээр, холбогдох хууль, журмын дагуу төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэхээр тусгасан.
Тэгвэл энэ хүрээнд “Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшлээр гүйцэтгүүлэх нь” сэдэвт хэлэлцүүлэг боллоо.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Хот, нийтийн аж ахуйн ажлыг заавал төр хийх шаардлагагүй. Хувийн хэвшил гүйцэтгэснээр шинэ менежмент, технологи, инновац орж ирэх, бага зардлаар олон ажил хийх зэргээр бүтээмж нэмэгдэнэ. Энэ нь төрд эргээд төсвийн хэмнэлтийг бий болгох давуу талтай. Энэ хүрээнд бид эхний ээлжид аж ахуйн нэгжүүдэд нээлттэй танилцуулга хийсэн. Тухайлбал, дөрвөн дүүрэг замынхаа тохижилт, үйлчилгээг өөрсдөө хийдэг байснаа хувийн хэвшилд шилжүүлсэн. Мэдээж аж ахуйн нэгжүүдэд шаардлага тавьж, дэмжлэг үзүүлнэ” хэмээсэн юм.