Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Илон Масктай цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэхээр ярилцлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өчигдөр АНУ-ын “Tesla”, “SpaceX” компанийн гүйцэтгэх захирал, “Twitter” компанийн технологи хариуцсан захирал Илон Масктай цахимаар уулзаж, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Уулзалтын үеэр Ерөнхий сайд “Tesla” компанийн салбарыг Монгол Улсад байгуулбал татвар болон эрх зүйн орчноор дэмжихээ илэрхийллээ.

Дэлхий дахинд цахилгаан машины хэрэглээ, ногоон технологийг нэвтрүүлэх түүний үйлсийг дэмжиж буйгаа онцлов. Иргэдээ цахилгаан машины хэрэглээнд уриалж Ерөнхий сайдын хувиар хувь нэмрээ оруулахаа илэрхийллээ.

Мөн “Тesla” компанийн бүтээгдэхүүний гол түүхий эд болох зэс болон газрын ховор элементийг хамтарч ашиглах судалгааны ажлыг эхлүүлэх, уул уурхайн том оврын авто машиныг цахилгаан хөдөлгүүртэй болгоход дэмжлэг үзүүлэх, Монгол Улсын шилдэг IT инженерүүдийг сургах тэтгэлэгт хөтөлбөр санаачлахыг Илон Маскаас хүслээ.

Илон Маск Монгол Улсын Ерөнхий сайдтай цахимаар анх удаа уулзаж буйд талархал илэрхийлээд баялаг түүхтэй Монгол орныг сонирхдог, боломжтой цагтаа Монголд зочилно. Монголд цахилгаан авто машины хэрэглээг нэмэгдүүлж, хамтарч ажиллахдаа таатай байх болно гэлээ.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны долдугаар сард Улаанбаатар хотод болох Монголын Эдийн засгийн форумд ноён Илон Маскийг хүрэлцэн ирэхийг урилаа.

 

 

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Шинэ хоршоо” хөтөлбөрийн хүрээнд малчдын сарын орлогыг 5 сая төгрөгт хүргэх боломжийг бүрдүүлнэ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. ЗГХЭГ-ын …