2023 оны 2-р сард ЭМЯ, БНСУ-ын Ногоон эмнэлэгтэй хүүхдийн эрүүл мэндийг дэмжих чиглэлээр санамж бичигт гарын үсэг зурсан бөгөөд энэ хүрээнд Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн төвтэй хамтран ажиллаж байна.
Хамтын ажиллагааны дагуу БНСУ-ын Ногоон эмнэлэг, RHP компани болон бусад холбогдох талууд хамтран 6 сарын 05-ны өдрөөс 9 өдөр хүртэл Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгтэй хамтран бага насны хүүхдүүдийн дунд элбэг тохиолддог хоол, шим тэжээлийн дутагдал, амны хөндийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, амьсгалын зам, дотрын чиглэлээр үзлэг хийж шаардлагатай хүүхдүүдэд амин дэм, эмийн тусламж үзүүлж байна.
БНСУ-ын эрдэмтэн, судлаачдын баг 2022 оны 11 дүгээр сард ЕТГ-ын Эрүүл Монгол хүн төсөл, хөтөлбөрийн багтай хамтран эрдэм шинжилгээний хурал зохион байгуулсан бөгөөд тус баг дүүргийн ЭМТ, холбогдох газруудтай танилцан СХД, ЧД-үүдийн зорилтот бүлгийн айл өрхийн бага насны хүүхдүүдийг хамруулахаар төлөвлөжээ.
Грийн хоспиталын захирал, Им Сан Хёг “Монгол хүүхдүүдийн эрүүл мэндэд ихээхэн санаа зовниж явдаг, Монгол хүний асуудлаас хамгийн чухал нь хүүхдийн эрүүл мэнд гэж бодож байна. Аль ч засгийн газрын үед хүүхдийн эрүүл мэндийг хамгаална гэдэг хүндрэлтэй асуудал байдаг. Би өнгөрсөн жил 11 сард Монгол Улсад ирээд өөрийн харсан, ажигласан зүйлсээсээ улбаалан энэхүү төслийг хэрэгжүүлэхээр зорьсон юм.
“Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд зорилтот бүлгийн хүүхдүүдэд чиглэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг өргөжүүлэхэд БНСУ –ын Үндэсний Ассамблейн дэд дарга Ким Ён Жү дэмжин хамтран ажиллаж байна. Энэ удаагийн айлчлалын багт дэд даргын ахлах зөвлөх Чой Тай Сан, дэд даргын зөвлөх Мён Жа Сүн, Ногоон эмнэлгийн захирал, Им Сан Хёг тус эмнэлгийн хяналтын тасгийн эрхлэгч Чой Юу Сон тэргүүтэй бусад албаны хүмүүс багтан хамтран ажиллаж байна.