Б.Түвшинжаргал: “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг 9 сарын 1 гэхэд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

    Хөвсгөл аймагт  сүндэрлэх “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн бүтээн байгуулалтад зориулсан “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолт энэ сарын 9-ний өдөр  Улаанбаатар паласт  боллоо.

Тоглолтыг Хөвсгөл аймгийн уугуул Toonot Records-ийн продюсер Э.Дэлгэрмөрөн, соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Ж.Баясгалан нар санаачлан зохион байгуулсан юм.

Дөрвөн цаг үргэлжилсэн “БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтод “Увертюра” хамтлаг, Toonot Records-ийн уран бүтээлчдээс гадна МУГЖ С.Наран, Ө.Уянга, Б.Мөнхбаатар, МУСТА Т.Дэлгэрмөрөн, О.Баянмөнх, Я.Гэрэлчулуун, Б.Монголхүү, Ө.Бохьшарга, Г.Даваадалай, Э.Төрмандах О.Гансувд, Б.Уранзаяа, гитарчин О.Гантулга, Ж.Баясгалан, Э.Мөнхтуяа, Ардын дуучин Д.Бурмаа, Б.Баяндалай тэргүүтэй дуучид оролцон Хөвсгөл аймагт амьдардаг хүүхдүүдийн төлөө ая дуугаа өргөлөө.

“Ид шидийн орон-Хөвсгөл” төслийг хэрэгжүүлэгч “Шидэт урц” ТББ-ын тэргүүн Б. Түвшинжаргал “Нийт уран бүтээлчдэд, тоглолтын хөтлөгчөөр ажилласан жүжигчин, хөтлөгч Э.Ууганбаяр нартаа Хөвсгөл аймгийн хүүхэд багачуудынхаа  өмнөөс   талархлаа илэрхийлье. “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй, одоогоор дотор талын өнгөлгөөний ажлуудаа хийж байна.

 Санхүүжилтийн улмаас барилгын цахилгаан, сантехник, өрөөнүүдийн тохижилтын ажил хийгдээгүй байгаа. Гадна талын тохижилтын ажлыг төслийн багийнхан өөрсдийн боломж, бололцоогоор  хийж байгаа. Өнөөдрийн байдлаар 3Х3 сагсан бөмбөгийн талбай, хүүхдүүдэд зориулсан элсний талбай,  цөөрмийг ашиглалтад орууллаа.

Бид бүхэн 9-р сарын 1-ний өдөр гэхэд “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвийг ашиглалтад оруулахаар төлөвлөн ажиллаж байна” гэсэн юм.


“БИД НЭГ НУТАГ ХӨВСГӨЛ” бүх оддын нэгдсэн тоглолтын үзэгчдийн дундаас нэг азтанг тодруулж, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат, аймгийн Алдарт уяач Ц.Галсангийн адуун сүргийн хурдан даагаар мялаасан юм.

 

Мөн тоглолтын үеэр УИХ-ын гишүүн, БШУ-ны сайд  Л.Энх-Амгалан “Ид шидийн орон Хөвсгөл” хүүхэд хөгжлийн төвд 40 сая төгрөгийн үнэ бүхий тавилга, компьютер, тоног төхөөрөмж, ухаалаг самбар, цахилгаан хэрэгсэл өгөхөө амлалаа.


“Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клуб, Хөвсгөлийн сэтгүүлчид групп мэдээллийн дэмжигчээр ажиллалаа.

Хандивын данс: Шидэт урц ТББ

✅ Хаан банк: 5913406952

 

✅Голомт банк: 4905125114

САЙН ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …