Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнд Баянгол дүүрэгт хийж байгаа бүтээн байгуулалтын ажлын талаар тус дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн танилцуулав.
Энэ онд улс, нийслэл, дүүргийн төсөв, ОНХС-гийн хөрөнгөөр 112 төсөл, арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, 11 байршилд сургууль, цэцэрлэг барих, ЭХЭМҮТ-д өргөтгөл болон их засвар хийхээр төлөвлөсөн байна.
2021-2022 онд дүүргийн хэмжээнд 26.2 км авто зам тавьсан бол энэ онд дөрвөн байршилд зам тавина. Мөн өнгөрсөн жил 20 байршилд автомашины 24,000 ам метр зогсоол байгуулжээ. Энэ онд найман байршилд 500 автомашины зогсоол хийх бөгөөд гэрээ байгуулах шатандаа явж байна. Мөн “Hermes”-ийн урд нүхэн гарц, “Алтай” хотхон, Нарны хорооллын дунд явган хүний гүүрэн гарц хийнэ. Өнгөрсөн жил 56 байршлын 25 мянган ам метр талбайд явган замын ажил хийсэн бол энэ жил 38 байршилд явган хүний замын ажил хийнэ. Түүнчлэн өнгөрсөн онд 57 байршилд тоглоомын талбай, тохижилтын ажил хийсэн бөгөөд энэ жил 47 байршилд хийхээр төлөвлөжээ. Үүнээс гадна 37 байршилд гэрэлтүүлэг хийж, 319 байршилд камер суурилуулж, гурван хороог бүрэн камержуулна. Өнгөрсөн жил 68 байршилд 1485 гарааш чөлөөлсөн бол энэ жил 33 байршилд 782 гарааш буулгахаас 246 гарааш буулгаж, тохижилтын ажлыг эхэлжээ.
Дүүргийн хувьд газар нутгийн хэмжээ жижиг, нягтаршил ихтэй. Мөн тулгамдсан асуудал нь гэр хороололд авто зам дутмаг, бүтээн байгуулалтад зориулж газар чөлөөлөх шаардлага зүй ёсоор тулгардаг. Түүнчлэн гарааш чөлөөлсөн талбайг тохижуулах, орон сууцны дахин төлөвлөлтөд төсөв шаардлагатай байгааг хэлж байлаа.