Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас арилжааны нэр бүхий 9 банк иргэдэд ипотекийн зээл олгохдоо 1 хувийн шимтгэл авч байгааг үндэслэлгүй бөгөөд иргэн тухайн зээлээс авсан шимтгэлийг банкнаас нэхэмжлэх, эргэн төлүүлэх ёстой гэж шийдвэрлэсэн байдаг.
Харин банкууд уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй шүүхэд хандсан. Захиргааны хэргийн анхан шатны шүүх үүнийг хүчингүйд тооцсон тул ШӨХТГ-аас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд хандсан билээ.
Тэгвэл өчигдөр /2023.06.13/ Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хурал болж, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын гаргасан шийдвэр үндэслэлтэй, арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо нийт зээлийн дүнгээс 1 хувийн шимтгэл тооцон авч байгааг үндэслэлгүй гэж үзлээ.
Энэхүү шийдвэрийн талаар Шадар сайд С. Амарсайхан байр сууриа илэрхийлээ.
Тэрбээр “Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс арилжааны банкууд ипотекийн зээл олгохдоо НЭГ хувийн шимтгэл авч байгаа нь хууль бус гэдгийг тогтоолоо. Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан бөгөөд 6-р сарын 13-ний өдрийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, арилжааны банкнуудын ипотекийн зээл олголтын шимтгэлийг 1 хувь гэж тогтоосон нь үндэслэлгүй, хууль бус гэж үзлээ. Улсын дээд шүүх уг шийдвэрийг хууль ёсных гэж үзвэл ипотекийн зээлтэй 110 мянган иргэн 1 хувиа банкуудаас буцаан нэхэмжлэх боломжтой болно. Ипотекийн зээлтэй, зээл авах гэж буй иргэн бүрт хамаатай шийдвэр.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монголын хуульчдын холбоонд хүсэлт тавьж банк санхүүгийн чиглэлээр мэргэшсэн Монголын өмгөөлөгчдийн холбооны өмгөөлөгч О.Батхүү, С.Ялалт, Цэнгэл, Чинбат нартай гэрээ байгуулж, үнэ төлбөргүй хууль зүйн туслалцаа авч хамтран ажиллаж байна.
Ипотекийн 8 хувийн зээлтэй 65.000 айлын зээлийн хүүг 6 хувь болгон бууруулах асуудал ч үргэлжилнэ” гэв.