Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл Монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд энэ сарын 16-18-ний өдрүүдэд төрөлжсөн мэргэжлийн 50 гаруй эмч нар нэгдэж Өвөрхангай аймгийн Хужирт, Бат-Өлзий сумын иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийг үнэ төлбөргүй хийлээ.
Урьдчилан сэргийлэх үзлэгээр эмэгтэйчүүд, хүүхэд, дотор, (Зүрх судас, дотоод шүүрлийн булчирхай), чих, хамар хоолой, мэдрэл, гэмтэл, лабораторийн онош зүй, дүрс оношилгоо, сэтгэц, амны хөндийн эрүүл мэнд зэрэг 10 нэр төрлийн үзлэг, оношилгоо, эмчилгээг иргэдэд үзүүлсэн юм.
Энэхүү санаачилгыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх, АУ-ны доктор Т.Мөнхсайхан эхлүүлж Эрүүл мэндийн шинжлэх ухааны их сургууль (ЭМШУИС)-ийн 2006 оны төгсөгчид буюу өөрийн ангийнхантайгаа хамтран хэрэгжүүлж байна.
Мөн тэрээр 2026 онд зохион байгуулагдах үе үеийн төгсөгчдийн “Алтан гагнуур” 20 жилийн уулзалтаа угтан эмч нараа энэхүү үйл ажиллагаандаа нэгдэхийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан уриалжээ.