БНХАУ-д айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2023 оны зургадугаар сарын 27-нд БНХАУ-ын Дарга Ши Жиньпин-тэй албан ёсны уулзалт хийж, Монгол, Хятадын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг шинэ агуулгаар баяжуулах, хоёр улсын хооронд яриа хэлэлцээний түвшинд байсан бүтээн байгуулалтын төслүүдийг эцэслэн шийдвэрлэх зэрэг өргөн хүрээтэй асуудлуудаар санал солилцлоо.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уулзалтын эхэнд Ши Жиньпин-д Хятадын Коммунист Намын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, БНХАУ-ын Даргаар дахин сонгогдсонд баяр хүргээд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжиллаа.
Ерөнхий сайд БНХАУ Зуны Давос чуулга уулзалтыг Тяньжин хотноо амжилттай зохион байгуулж буйг онцлон тэмдэглэлээ.
Монгол Улс Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч, Ханги-Мандал боомтуудыг төмөр замаар холбох манай талын бүтээн байгуулалтын ажлыг дуусгасан бөгөөд энэ удаагийн айлчлалаар БНХАУ-ын “Бүс ба Зам” санаачилгын хүрээнд хилийн боомтуудын холболт, хамтын ажиллагаа, гэрээ хэлцлүүдийг хоёр улсын Засгийн газрын түвшинд эцэслэн шийдвэрлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
Хоёр улсын Төрийн тэргүүн нарын харилцан тохиролцсон хоёр талын худалдааны эргэлтийг 20 тэрбум ам.долларт хүргэх зорилтыг бодит ажил хэрэг болгох, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх “Тэрбум мод” төслийг хамтран хэрэгжүүлэх, авлигын гэмт хэргийн эсрэг хоёр улсын хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинжлэх ухаан, технологи, хот төлөвлөлтийн чиглэлийн хамтын ажиллагааг эхлүүлэх, аялал жуулчлал, хөрөнгө оруулалт болон хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх зэрэг асуудлаар санал солилцлоо.
БНХАУ-ын Дарга Ши Жиньпин Монгол, Хятад нь Иж бүрэн стратегийн түншлэл бүхий найрсаг хөрш орнуудын хувьд хоёр улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг харилцан хүндэтгэх, харилцан ашигтай хамтын ажиллагаагаа өргөжүүлэн гүнзгийрүүлж, олон улсад жишиг болохуйц хөрш орнуудын найрсаг харилцааг хөгжүүлэх, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх, аялал жуулчлалыг хөгжүүлэх, Монгол Улсын Засгийн газрын дэвшүүлэн хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд дэвшүүлсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхэд бүх талаар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ.
Уулзалтад УИХ-ын гишүүн, Шадар сайд, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын Байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар оролцлоо.
Уулзалт найрсаг, дотно уур амьсгалд болов.