Улаанбаатар хотод бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин нэмэгдэж, үерийн далан сэтрэх, голын дагуух айл өрх усанд автах зэрэг хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн тул холбогдох байгууллагууд газар дээр нь шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар үүссэн нөхцөл байдалтай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Улаанбаатар хотод өнгөрсөн 30 жилийн хугацаанд гаргасан алдаа, дутагдлыг эхнээсээ засаж, янзлаад явж байна. Тийм учраас хот төлөвлөлтийн алдаанаас үүдсэн зүйлс нийслэлд олон байна. Үүнийг нууж, хаах зүйлгүй.
Хот төлөвлөлттэй холбоотой асуудлаар Засгийн газрын хуралдаанаас Улаанбаатар хотыг 2020-2030 он, 2030-2040 он хүртэл хөгжүүлэх гурван үе шаттай төлөвлөлтийг үндсэн чиглэл болж ажиллахыг Ерөнхий сайд үүрэг болгосон.
2020-2030 онд гаргасан алдаануудаа засах, 2030-2040 онд олон тулгуурт хөгжлийн бодлогыг хөгжүүлэх шийдэл дээр нийслэлийн удирдлагууд ерөнхий төлөвлөгөөгөө оруулаад яаралтай батлуулахаар бэлдэж байна. Үерийн асуудал хотын ерөнхий төлөвлөгөөтэй холбоотой нь үнэн. Үүн дээр нүүр улалзах зүйлгүй. Үүнээс гадна газар олголттой холбоотой асуудал бас нөлөөлж байна” гэв.