Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн 42 дугаар хороо зэрэг нийслэлийн хэмжээнд нийт долоон байршил үерт автаад буй. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга захирамж гарган, төвийн зургаан дүүргийг өндөржүүлсэн бэлэн байдалд шилжүүллээ. Үүсээд буй нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох албаныхан газар дээр нь ажиллаж, Нийслэлийн онцгой комиссоос мэдээлэл өгсөн юм.
Геодези, усны барилга, байгууламжийн газар ОНӨААТҮГ-ын дарга Л.Ариунтуяа“Манай газар болон нийслэлийн инженерийн барилга байгууламжийн байгууллагууд хамтран долоодугаар сарын 3-наас эхлэн ажиллаж байна. Үерийн далангийн ойр орчим байгаа айлууд сонор сэрэмжтэй байх шаардлагатай. Бид өглөө 03:50 цагаас хойш гараашинд байгаа машинуудыг гарган ажилласан. Улаанбаатар хотын хэмжээнд Баруун 4 замаас Хархорин хүртэл ганц өргөлт нацосс байгаа. Улаанбаатар хотыг усгүй байлгая гэвэл дөрвөн талд нь нацосс өргөлтийн станц хийх ёстой.
Манай байгууллага Улаанбаатар хотын үерийн барилга байгууламжийн засвар, арчлалт, үйлчилгээг хариуцдаг. Бид эхний ээлжид иргэдийг аюулгүй байлгах, эд хогшлыг хамгаалах үүрэгтэй ажиллаж байна. Томоохон гурван нүхэн гарц усанд автаж, Дунд гол эргээ хальсан нөхцөл байдалтай байна. Улаанбаатар хотын хэмжээнд 461 км үерийн далан шаардлагатай.
Нийт авто замын 20 хувьд л борооны ус зайлуулах шугам сүлжээ байна. Манай байгууллага 206 км авто замын борооны шугам сүлжээний засвар, арчлалт, цэвэрлэгээг хариуцдаг. Бүх авто замд борооны ус зайлуулах шугам сүлжээг стандартын дагуу хийх шаардлагатай. 2020 онд Улаанбаатар хотын хэмжээнд ус тогтдог томоохон хэмжээний 25 байршил байсан. Манайх УБЗАА, Нийслэлийн Замын хөгжлийн газартай хамтран Баянбүрд, Эрэл, Е-март гэх мэт 17 байршлыг усгүй болгосон. Одоо найман байршил үлдээд байна”гэлээ.