Сэлбэ голын далан “Улаанбаатар буян” компанийн талаас сэтэрч, ойр орчмын барилга руу ус нэвтэрсэн тул холбогдох албаныхан шуурхай арга хэмжээ авч ажиллаж байна. Тодруулбал, Сэлбэ голын ус халихаас сэргийлж Сүхбаатар, Баянзүрх дүүрэг талаас 400-450 метрийн урттай өргөн зурвас дээр1.2-1.5 метрийн шороон далан босгоод байсан юм. Гэвч бороо үргэлжлэн орсны улмаас голын усны түвшин 10-20 см нэмэгдэж, 10:00 цагийн үед “S Outlets” дэлгүүрийн ар талаар далан сэтэрчээ. Энэ байршилд Нийслэлийн онцгой комиссын алба хаагчид машин механизмтай ажиллаж, сэтэрсэн талыг битүүлэх арга хэмжээ авч буй. Мөн Цагаандаваанаас хайрга, дайрга зөөж даланг хүчитгэж байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар:Сэлбэ голын далан сэтэрч ойр орчмын барилга, оффис руу ус орсон байна. Мэргэжлийн байгууллага, холбогдох албаныхан арга хэмжээ авч ажиллаж буй.
Голын урсацыг жигдрүүлэхийн тулд жижиг гүүрүүдийг нураах шаардлагатай байна. Энэ асуудлыг бид УОК болон бусад байгууллагатай хэлэлцэж тодорхой шийдвэр гаргана.