Нийгмийн ардчилсан тогтолцоо, харилцааны салшгүй нэг бүрэлдэхүүн нь чөлөөт хэвлэл юм. Ардчилсан нийгэмд иргэд нь өөрсдийн индэр болсон хараат бус хэвлэл мэдээллээр дамжуулан үзэл бодлоо илэрхийлж, шүүмжилж, хэлэлцэж, асуудлаа шийдвэрлэх замаар нийгэм эрүүлжин хөгжих хөрс суурь бүрэлдэж байдаг онцлогтой билээ.
Гэтэл хэвлэлийн хараат бус байдалд халдаж, олон нийтийн мэдээллийн www.isee.mn сайтыг хэвлэн нийтэлсэн агуулгынх нь улмаас нэр бүхий албан тушаалтны цагдаагийн байгууллагад гаргасан гомдлын дагуу Харилцаа холбооны зохицуулах хорооноос хааж, уншигчдын мэдэх эрхийг хязгаарлаж байгаад Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл харамсаж байна.
Холбогдох гомдол маргааныг хуулийн байгууллагаар журмын дагуу шалган шийдвэрлэж, шүүх гэм буруутайг эсэхийг эцэслэн тогтоогоогүй байхад үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөнд төрийн байгууллагаас бүдүүлгээр халдсан энэ үйлдлийг эсэргүүцэж байна.
Монгол Улс Үндсэн хуулиараа болон нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцийн дагуу иргэдийг “итгэл үнэмшил, үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх” эрх, эрх чөлөөтэй байхаар хуульчилсан төдийгүй “Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай” хуулиар төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт цензур тогтоохгүй байх, түүнчлэн үйл ажиллагааг нь төрийн байгууллагын шийдвэрээр таслан зогсоох, хаахыг хориглосон эрх зүйн баримтууд хүчин төгөлдөр үйлчилж байгааг Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс сануулж, www.isee.mn сайтыг даруй нээхийг Харилцаа Холбооны Зохицуулах Хорооноос шаардаж байна.
МСНЭ цаашид хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хамгаалахын төлөө тууштай тэмцэхээ мэдэгдэж байна.
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл