Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлыг 2012 оны наймдугаар сараас хойш хийсэн болж байгаа “Ялгуусан” нэртэй компани зам тавих биш тэр хавийг жинхэнэ “там” болгосоор хоёр он дамнуулан бантагнуулж сууна.
Өнгөрсөн оны есдүгээр сард Ерөнхий сайд Н.Алтанхуяг, Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл нарт ажлаа танилцуулахдаа “Хөгжлийн банк, Улсын төсвийн 12.5 тэрбум төгрөгөөр санхүүжүүлэгдэж байгаа энэ замын ажлыг 2013 оны наймдугаар сард хүлээлгэж өгнө.
Япон стандартын дагуу хийгдэж байгаа 4.5 км замын өргөтгөл, шинэчлэлтийн ажлын нэг км-ыг 1.3 тэрбум төгрөгөөр гүйцэтгэж байна. Дундаа ногоон байгууламжтай хоёр урсгалтай замын хоёр талаар явган хүний зам тавьж, ус зайлуулах төхөөрөмжтэй орчин үеийн чанарын шаардлага хангасан замыг жилийн дараа нийслэлд хүлээлгэж өгнө” хэмээж байсан. Н.Лхагвасүрэн захиралтай “Ялгуусан” компани нь 1996 оноос замын ажил дагнан гүйцэтгэсээр ирсэн гэж өөрсдийгөө дөвийлгөсөөр Зүүн дөрвөн замын уулзвараас Ботаникийн эцсийн буудал хүртэлх ажлын тендерийг өөрийн болгосон ч өнөөдөр тэд ажил хийх биш тэр хавийг бусниулаад дуусгаж байна.
Хоёрхон жилийн өмнө Зүүн дөрвөн замаас Офицерүүдийн ордон хүртэлх хоёр урсгалтай замын дунд ногоон модон хайстай голоороо явган хүний толигор сайхан замтай Улаанбаатартаа л ховорд тооцогдох ногоон байгууламж мишээж байсансан.
Харин өнөөдөр балагтай “Ялгуусан” компани түйвээн бусниулснаар хайс ч үгүй, явган хүний зам ч байхгүй, дээр нь засмал зам нь ч “там” болоод дуусч байна. Алаг цоог энд тэнд суулгаж байгаа явган хүний зам тавигчид нь хуучин замын үлдэгдлүүдийг нь модны нүх рүү хийж дүүргээд байгаагаас ус, чийггүй ногоон модод эхнээсээ үхэж эхлээд байгаа. Саяхнаас “Монгол кино” нэгтгэлийн өмнөх замын голоор нүх ухаж гарсан шороог нь ургаа модод руу асгаснаас дөнгөж гөлөглөн, цэцэглэж байсан олон мод хугарч, эхнээсээ хатаж эхэлсэн.
Хамгийн харамсалтай нь нэг км-ыг нь 1.3 тэрбум төгрөгөөр хучиж “гурилдсан” өнгөрсөн жилийнх нь зам эхнээсээ ховхорч, усны долгион шиг хотгор, гүдгэртэй болчихоод жолооч нарын муу үгийг барж байгаа.
Замын салбарт 16 жил ажиллаж байгаа компани гэхэд техник, хэрэгсэл, ажиллах хүч нь ёстой л “элэг авмаар” юмнууд харагдаад байгаа юм. Гурван хүрз тойроод таван хар хүн тамхи татаж зогссоор таван сарыг дуусгасан бол хоёр урсгалтай замын хажуугийн хашлагыг солих гэж маазарсаар зургаан сарыг барах нь тодорхой. “Ялгуусан” компанийн ядмагхан ажилчид тамхи баагиулж, эвшээлгэж суусаар энэ зуныг өнгөрүүлэх хооронд татвар төлөгчид алба, аминыхаа машиныг хэдэн удаа засварт өгч, хэдэн тонн бинзенээ түгжээтэй зам дээр шатаахыг хэлэх байтугай, тааварлахад ч бэрх болоод байна.
2012 онд энэ компанийн ажилтай танилцаж явахдаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг “Үүнээс хойш ийм хэмжээний замын ажлыг нэг компанид өгч, он дамжуулан хийдгийг зогсоох ёстой. Компаниудад хувааж өгөөд хийлгэ” гэхэд “Ялгуусан” компанийн талбайн инженер И.Энхтөр бас бус хүмүүс “Бид энэ замыг хугацаанд чанартай хийж гүйцэтгээд нийслэлд хүлээлгэж өгнө” хэмээн ам өчгөө өгөх шахуу юм болж байсан. Тэгвэл хоёрхон сар хагасын дараа хүлээлгэж өгөх ёстой Зүүн дөрвөн замаас Ботаникийн эцсийн буудал хүртэлх 4.5 км замын ажил өнөөдрийн байдлаар 50 хувийн ч гүйцэтгэлгүй явж байна. Хамгийн хачирхалтай нь нийслэлийн хамгийн том дүүргийн хамгийн ачаалалтай чухал замын ажлыг хийж байгаа “Ялгуусан” компанийн хувьд нэгдсэн удирдлага, зохион байгуулалт гээч юм үнэндээ байдаггүй бололтой. Өглөө ажилдаа ирэх, орой гэртээ харихаар автобус, унааны цонхоор харж яваа жил гаруйн хугацаанд зам дээр зогсоод ажил удирдан гүйцэтгүүлж байгаа талбайн инженер, дарга, даамал нэгийг ч олж харсангүй.
“Ялгуусан” компанийн энэ урагшгүй, арчаагүй байдлыг харахаар арваад жилийн өмнө болоод өнгөрсөн нэгэн үйл явдал өөрийн эрхгүй ухаан бодолд харван орж ирээд байгаа юм. Гурав, дөрөвдүгээр хорооллын дундуурх хоёр урсгалтай замыг нийслэлийн иргэд андахгүй. Улаанбаатарын хамгийн их ачаалалтай тэр замыг өнөөдрийн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа ёстой л хараа салгалгүй удирдан чиглүүлж, хяналт тавьсаар тавиулсан түүхтэй. Тэр үед бичил зургаадугаар хороололд амьдарч байсан миний бие хэрэг болгон нэг удаа өглөөний 06:00 цагт “Өргөө” кинотеатрын өмнө явж очиход С.Эрдэнэ дарга аль хэдийнэ ирчихсэн каск малгай өмсчихөөд зааж зааварлаад явж байж билээ.
Ажлыг эзний ёсоор хариуцах, үүрэг зорилгоо ухамсарлах, нийгэм, хүмүүсийн өмнө амласнаа биелүүлэх гэдэг тийм л байдаг юм билээ.
Харин “Ялгуусан” нэртэй ч адгуусан төрхтэй энэ компанийн хувьд тийм сэтгэлтэй, тэгж ажилладаг дарга, цэрэг байхгүй бололтой юм. Явж байгаад л харахад ажилчид нь хоёр гурваараа замын хашлага дээр суучихсан тамхи татаж, худлаа яриад л сууцгааж байна. Ганц хоёр техник, машин механизмаа замын дундах ногоон байгууламж дээр тос, маслыг нь гоожуулаад зогсоочихсон л харагдана. Ажлаа хиймэр болж байгаа ганц нэг нь хөдөлж ядаад, удаахан харвал нойр хүрмээр шинжтэй. Зүүн дөрвөн замаас Офицерүүдийн ордон хүртэлх замын хоёр талаар суга татаад хаячихсан хуучин замын хашлага, явган хүний замын хавтангийн хагархай, том том цементэн зуурмагийн үлдэгдэл гээд хог новш овоороод байгаа болохоос биш өргөтгөж, шинэчилсэн зам өнөөдрийг хүртэл үзэгдсэнгүй. Хоёр жил дамжуулан хийж байгаа “Ялгуусан” нэртэй ядарсан компани Баянзүрх дүүрэгт хөгжил дэвшил биш хог новш, замын түгжрэл, жолооч нарын бухимдал л авч ирлээ. Яачихсан компани, ямар арилчихсан дотортой захирал, удирдлага гэж ийм байдаг юм бол.
Эх сурвалж: