Завхан аймгийн Прокурорын газар нь иргэн А-аас хуурамч диплом ашиглан сумын Засаг даргаар томилогдож ажиллах хугацаанд авсан 4,835,063 төгрөгийн цалинг төрд учирсан хохирол гэж үзэж гаргуулахаар шаарджээ.
А “…ажлыг шударгаар гүйцэтгэсэн, хөдөлмөр эрхэлж түүндээ таарсан цалин хөлс авах нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний үндсэн эрх. Эрүүгийн хэрэгт хохирогч нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн, прокурор санаачилгаараа нэхэмжлэл гаргах боломжгүй.” гэж маргасан байна.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.
Дээд шүүх шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахдаа дараах дүгнэлтийг хийв.
А нь дээд боловсролгүй атлаа хуурамч диплом ашиглаж, Завхан аймгийн Ургамал сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, улмаар Засаг даргад нэр дэвшин сонгогдож, 2020 оны 11 дүгээр сарын 23-наас хойш дөрвөн сарын хугацаанд уг албыг хашсан. Түүнийг хуурамч диплом ашигласан үйлдэлтэй нь холбогдуулан эрүүгийн хэрэгт шалгаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болон хуульд заасан бусад нөхцөлийг харгалзан Өршөөл үзүүлэх тухай хуульд зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргаар түүний дараа томилогдсон Г уг эрүүгийн хэрэгт хохирогчоор мэдүүлэг өгөхдөө ”А нь 4,835,063 төгрөгийн цалин авч байгууллагыг хохироосон. Гэвч тодорхой ажил гүйцэтгэсэн тул мөнгийг нэхэмжлэхгүй.” гэснээс үзэхэд эрх бүхий этгээд шүүхэд нэхэмжлэл гаргахаас татгалзсан байна.
Прокурорын тухай болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд прокурор иргэний хэрэгт санаачилгаараа оролцож болохоор заасан байдаг. Үндсэн хууль болон бусад хуулиар тодорхойлсон эрх, үүргээ хэрэгжүүлэх, иргэний эрх зүйн харилцаанд оролцох төрийн байгууллага, албан тушаалтан эс үйлдэл гаргаж, нэхэмжлэл гаргахаас татгалзсан тохиолдолд төрд учирсан хохирлыг гаргуулахаар прокурор санаачилгаараа шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах нь хууль зөрчихгүй.
Сумын Засаг даргад нэр дэвшихэд дээд боловсролтой байхыг хуулиар шаардсан бөгөөд А нь зохих журмаар суралцаагүй атлаа гэмт хэрэг үйлдэх замаар бий болсон дээд боловсролын дипломыг хуурамч гэдгийг мэдсээр байж, санаатайгаар ашиглаж төрийн албанд томилогдсон байна. Иймээс эрхлэх ёсгүй албан тушаалд ажиллаж, авах ёсгүй цалин хөлс авсан гэж үзэж, түүний ажиллах хугацаандаа авсан цалинг байгууллагад учирсан хохиролд тооцно.
Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн албаны тухай болон Хөдөлмөрийн тухай хуулиар иргэн хүн ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, гүйцэтгэсэн ажилдаа тохирсон шударга цалин хөлс авах зарчимтай. Гэвч А нь санаатайгаар хууль бус үйлдэл хийж, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүсгэж, хуулийн дагуу эрхлэх үндэслэлгүй байсан албан тушаалд ажилласан байна. Иймд А-г гүйцэтгэсэн ажилдаа тохирсон цалин авсан гэж үзэхгүй, өөрөөр хэлбэл, түүний эрх ашиг дээр дурдсан хуулиар хамгаалагдах үндэслэлгүй.
Харин А нь 2012 оноос эхлэн тасралтгүй ажил эрхэлж байсан, түүний өөрийгөө болон гэр бүлээ тэжээх амьжиргааны зайлшгүй хэрэгцээ, шаардлагатай нөхцөлийг харгалзан 2021 онд мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 420,000 төгрөгийг 4 сараар тооцон 1,680,000 төгрөгийг хохирлоос хасаж, үлдэх 3,155,063 төгрөгийн хохирлыг А-аас гаргуулж Завхан аймгийн Ургамал сумын Засаг даргын Тамгын газарт олгож шийдвэрлэв.
Санамж: Энэхүү тойм нь шүүхийн шийдвэрийг орлохгүй бөгөөд олон нийтийг мэдээллээр хангах зорилготой болно.
Тойм бэлтгэсэн: Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Г.Алтанчимэг