Гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш 12 дахь өдрөө гүйж байна

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 407 дугаар нээлттэй, хаалттай хорих ангийн Үйлдвэр эрхэлсэн дарга, Монгол Улсын гавьяат тамирчин, хурандаа Б.Цэвээндаш Улаанбаатараас Хэнтий аймгийн Дадал сум хүртэл 608 километр замыг туулахаар 12 дахь өдрөө гүйж байна.

Тэрбээр Хэнтий аймаг байгуулагдсаны 100 жилийн ой, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн түүхт 50 жилийн ой, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдөр”-т зориулан гүйж байгаа бөгөөд 7-р сарын 07-нд Сүхбаатарын талбайгаас гүйлтээ эхэлсэн юм.

Хурандаа Б.Цэвээндаш өчигдөр 13.00 цагт 402 километр замыг туулж, өөрийн төрсөн нутаг болох Бэрх тосгонд хүрсэн бөгөөд тус тосгоны удирдлагууд хүлээн авч хүндэтгэл үзүүлжээ.

Энэхүү гүйлт нь төрийн цэргийн алба хаагчийн бие бялдрын бэлтгэлжилт, тэсвэр хатуужлыг харуулах, спортоор хичээллэхийг уриалахаас гадна байгаль эх дэлхийгээ хайрлан хамгаалахыг уриалах зорилготой гэдгийг Монгол Улсын гавьяат тамирчин Б.Цэвээндаш онцолсон юм.

Хурандаа Б.Цэвээндаш 2012, 2016 онд дэлхийн дээвэр Эверестийн оргилд Монгол Улсын төрийн далбааг хоёронтоо мандуулсан бахдам амжилтаараа 2016 оны шилдэг тамирчнаар шалгарч байсан билээ.

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …