Он гарсаар нийслэлийн хэмжээнд гал түймэрт өртөж 15 иргэн /том хүн/ нас барсан байна.
Тухайлбал энэ сарын 19-ны өдөр Баянзүрх дүүргийн 23 дугаар хороо Баатархайрханы гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлага мэдээлэл 00:05 цагт ирсний дагуу Гал түймэр унтраах аврах 35 дугаар ангийн бүрэлдэхүүнийг очиход 5 ханатай хоёр гэр эд хогшил бүрэн шатаж байсныг унтрааж ажиллалаа. Гал түймэрт өртөж 48 настай эрэгтэй нас барсан байсныг цагдаагийн байгууллагад, 74 настай эмэгтэйн 2 гар, нурууны хэсэг түлэгдсэн байсныг ЯТТ 103-ийн эмчид хүлээлгэн өгсөн.
Сүүлийн өдрүүдэд гэр, байшин, хогийн суваг шатсан гал түймрийн дуудлага нэмэгдэх хандлагатай байгаа нь хүний амь нас, эрүүл мэнд хохирох эрсдэлийг дагуулж байгаа юм. Шалтгаан нөхцөлийг авч үзвэл, пийшин зуухны аюулгүй галлагааг хангаагүй, цахилгаан хэрэгслийн хэт ачаалал үүсгэх зэрэг иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс үүдэлтэй байна.
Иймд, иргэд гэр орон сууцны галын аюулгүй байдлаа хангаж, бага насны хүүхэд, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гал түймрийн аюул, ахуйн осол гэмтлээс сэрэмжтэй байхыг нийслэлийн Онцгой байдлын газраас онцгойлон сэрэмжлүүлж байна.