Өчигдөр Улаанбаатарт орсон аадар борооны улмаас үүсээд буй нөхцөл байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч, Нийслэлийн онцгой комиссын дарга Д.Сумъяабазар болон холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Баянгол дүүргийн Засаг даргын орлогч Д.Жаргалсүрэн:Өчигдөр орсон их хэмжээний аадар борооны улмаас Баянгол дүүргийн 15 хорооны 45 байршилд үерийн улмаас хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Өнгөрсөн шөнө есөн хорооны 23 байршилд холбогдох байгууллагуудаас ажиллан, хэвийн байдалд орууллаа. Бусад байршилд ажил үргэлжилж байгаа.
Чингүнжавын гудамжны авто замыг борооны дараа газар хатсаны дараа нөхөн сэргээж, засварлана. Одоогоор зорчилт хөдөлгөөн хэвийн байна.
Явган хүний нэг зам эвдэрсэн бөгөөд тохижилтыг нь хийсэн аж ахуйн нэгжийн төлөөлөлтэй уулзаж, засварын ажлыг эхлүүлсэн.
Дүүргийн хэмжээнд 1800 орчим барилга, байгууламж байдаг. Үүнээс 29 подвалд ус орсныг соруулж байгаа. Одоо хоёр зоорийн давхрын усыг соруулж дуусвал хэвийн байдалд шилжинэ.
Их хэмжээний ус орсны улмаас барилгын нүх ухсан дөрвөн байршилд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн. Тодруулбал, 17 дугаар хорооны “Амур” зочид буудал, 9 дүгээр хорооны 85Б байрны урд, 33 дугаар хорооны 93 дугаар сургуулийн урд тал зэрэг дөрвөн байршилд барилгын нүх ухсанаас суурь нь усанд автаж, зам руу урсан, зам эвдэрсэн. Тухайн байршлуудын замыг хааж, барилгын ажлыг түр зогсоосон. Өмнө нь хэзээ олгогдсон нь мэдэгдэхгүй архитектур төлөвлөлтийн даалгавраар уг барилгын ажлууд эхэлсэн тул эдгээрийг зогсоох чиглэлээр Хотын дарга болон холбогдох албаныханд танилцуулна. Нөхцөл байдлыг үнэлүүлээд, барилгын суурийг булах арга хэмжээг авна гэсэн юм.