Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо. Хуралд Нийслэлийн Замын хөгжлийн газрын Засвар арчлалтын хяналтын хэлтсийн дарга О.Энхбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр“Үргэлжлэн орсон борооны улмаас болж нийслэлийн төвийн зургаан дүүргийн 138 гудамж замын 18.6 мянган ам метр талбайд нүхэн эвдрэл үүссэн. Үүнтэй холбоотойгоор 3321 ам метр талбайн нүхэн эвдрэлийг засаад байна.
Долоодугаар сарын 23-нд орсон аадар борооны улмаас Чингүнжавын гудамж, Уулын зам эвдэрсэн. Чингүнжавын гудамжны замын хууларсан асфальт хучилтыг цэвэрлэлээ. 2000 ам метр талбайд хучилт хийх шаардлагатай болсон. Үүнийг энэ долоо хоногт хийж эхэлнэ. Нүхэн эвдрэл засварлах болон ээлжит засварын ажил үргэлжилж байна. 16 байршилд ээлжит засвар хийнэ” гэв.