Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-аас цахимаар удирдан зохион байгуулав.
Өнгөрсөн шуурхай зөвлөгөөнөөр Хотын дарга 14 чиглэлээр үүрэг даалгавар өгсөн. Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилт, ногоон байгууламжийн ажлын нэгдсэн төлөвлөгөөний хэрэгжилтийг эрчимжүүлж, тогтмол хяналт тавьж ажиллахыг үүрэг болгосон. Энэ хүрээнд 25 байгууллага 658 арга хэмжээ хэрэгжүүлэхээс хэрэгжилт 60 хувьтай байгаа юм. Улс, нийслэлийн болон гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр 19 байршилд дулааны 28.1 км гол шугам сүлжээг өргөтгөн шинэчлэх бөгөөд энэ ажил 63 хувийн гүйцэтгэлтэй байна.
Мөн “Монголчуудын өв соёлын даншиг наадам-хүрээ цам”-ыг наймдугаар сарын 5, 6-нд Хүй долоон худагт зохион байгуулахаар бэлтгэл хангаж байгаа юм. Энэ жил 40 байршилд 3х3 сагсан бөмбөгийн талбай байгуулахаар болсон бөгөөд 10-ынх нь зураг төслийг хийсэн, 30 байршлын архитектур төлөвлөлтийн даалгаврыг баталжээ.
Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газар ОНӨААТҮГ-ын дарга Ч.Мэндбаяр:Их засварын ажил 64, урсгал засварын ажил 44 хувьтай байна.
Он гарснаас хойш 307 мэргэжилтэн, ажилтан өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь хамгийн их тулгамдаж байгаа асуудал.
Нийслэлд хувийн орон сууцны 68 контор үйл ажиллагаа явуулж байгаа. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын орон сууц 49, хувийн орон сууцууд 51 хувийг эзэлж байна. Таван орон сууцны контор буюу 10 мянга гаруй өрх манай газарт шилжин ирж байгаа. Эдгээрийн олонх нь ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцууд байгаа тул цаашид энэ чиглэлд анхаарч ажиллах хэрэгтэй байна гэв.
Хотын дарга нийтийн аж ахуйн салбараа орхигдуулж болохгүй, энэ чиглэлд анхаарал хандуулах, хүний нөөцийн асуудалд анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг онцоллоо.