Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс нь 2023 оны 07 дугаар сарын 03-23-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 61 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 145 гомдол, мэдээллийг шалгав. Үүнээс 51 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, 37 гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн бөгөөд одоогоор 57 гомдол, мэдээллийг хянан шалгаж байна.
Түүнчлэн нийт 855 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 12 хэргийг шүүхэд шилжүүлэх, 11 хэргийг хаах, 1 хэргийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлж, 5 хэргийг нэгтгэн шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаанд одоогоор 826 хэрэг шалгагдаж байна.
Хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад хүргүүлсэн хэргүүдээс дурдвал:
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх 425 дугаар нээлттэй хорих ангийн албан тушаалтан “М” нь бусдад давуу байдал бий болгож өгнө гэж амлан хахууль авсан гэх;
- “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” Төрийн өмчит хувьцаат компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн Борлуулалтын хэсгийн албан тушаалтан “Б” нь бусдаас хахууль нэхсэн гэх;
- Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын албан хаагч “О” нь бусдаас хахууль авсан, албан тушаалаа ашиглан бусдыг залилсан гэх;
- Экологийн цагдаагийн албаны Эргүүл, хяналт шалгалтын хэлтсийн албан хаагч “С” нь хийх ёсгүй үйлдэл хийж, бусдад давуу байдал бий болгон хахууль авсан гэх;
- Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн эрх бүхий албан тушаалтан нь бусдаас хахууль авсан гэх;
- Жижиг дунд үйлдвэрийн газрын удирдах албан тушаалтан “Н” нар нь нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, найдваргүй зээлдэгч компаниудад давуу байдал олгох явцдаа бусдаас хахууль авч, хууль бусаар олсон орлогыг угааж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх;
- Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын удирдах албан тушаалтан нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад хууль бусаар хайрга олборлох зөвшөөрөл олгосон гэх;
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд асан “Б” нь албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдаас хахууль авсан, мөн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 2018.02.28-ны өдөр Зэсийн баяжмал худалдан авах гэрээнд хууль бусаар нөлөөлж өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Батлан хамгаалахын их сургуулийн Цэргийн хөгжмийн сургуулийн захирал “О” нь албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх;
- Баянхонгор аймгийн Засаг дарга “Б”, Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга “О”, Хөрөнгө оруулалт, хөгжлийн бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга “И” нар нь бүлэглэн хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргийн хувьд гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийж бусдаас хахууль авсан гэх;
- Архангай аймгийн Эрдэнэбулган сумын Засаг даргын тамгын газрын албан тушаалтнууд нь эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад давуу байдал бий болгосон гэх;
- Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын гишүүд болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар хөдөлмөрийн чадвар алдалтын хувь болон хугацааг тогтоох, сунгах явцдаа 415 удаагийн үйлдлээр бусдаас хахууль авсан, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж хуурамч материал бүрдүүлж бусдад давуу байдал бий болгон 153 удаа хахууль авсан гэх
Нийтийн мэдээллийн тухай хуульд заасан мэдээлэл нээлттэй, ил тод, үнэн зөв байх, бодитой мэдээллээр хангах үндсэн зарчмыг хангах хүрээнд авлигын гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааны талаарх мэдээллийг Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан товч байдлаар мэдээлдэг болно.