Э.Ганцэцэг: Нүүрсний хэрэгт холбогдуулан 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авсан

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс өнөөдөр /2023.07.26/ Монгол Улсын шүүхийн 2023 оны эхний хагас жилийн шүүн таслах ажиллагааны нэгдсэн дүн мэдээг танилцуулав.

Энэ үеэр “Нүүрсний” гэх тодотголтой хэргийн талаар мэдээлэл өглөө.

Шүүхийн статистик хариуцсан референт Э.Ганцэцэг “Нийслэлийн прокурорын газраас Нүүрсний гэх тодотголтой  63 хүнд холбогдох найман хэргийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүлээн авсан байна. Үүнээс 33 хүнд холбогдох таван хэргийг анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн бол 30 хүнд холбогдох гурван хэрэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байна.

Давж заалдах шатны шүүхэд 10 хүнд холбогдох хоёр хэрэг ирснээс таван хүнд холбогдох нэг хэргийг хянан шийдвэрлэж, таван хүнд холбогдох нэг хэрэг  хянан шийдвэрлэх шатанд байна.

Нүүрсний хэрэгт холбогдуулан 37 хүнд таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан бол давхардсан тоогоор зургаан хүнд албан үүрэг биелүүлэхийг түдгэлзүүлсэн. 26 хүнд хязгаарлалт тогтоох, 16 хүнд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн байна.

УИХ-ын нэр бүхий гишүүдтэй холбоотой хэргийг шүүх дээр өнөөдрийн байдлаар хүлээн авч, эцэслэн шийдвэрлээгүй.

Шүүхийн өмнөх шат буюу хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа болон прокурорын хяналтад явж байгаа хэргийн талаар мэдээллийг ШЕЗ-өөс өгөх боломжгүй”гэв.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …