Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг Баянзүрх дүүрэгт ажиллалаа.
2023-2024 оны хичээлийн жилд Улаанбаатар хотод 3 ээлжид шилжих эрсдэлтэй 47 ерөнхий боловсролын сургууль байна. Энэ сургуулиудын асуудлыг шийдвэрлэх зорилгоор БШУЯ-наас НИТХ-д мэдээлэл хийж, НЗДТГ-тай хамтран ажиллахаар болсон. Боловсрол шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсгийн үйл ажиллагаа Баянзүрх дүүргээс эхэллээ.
Хамтарсан ажлын хэсэгт Боловсрол, шинжлэх ухааны яам, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сангийн яам, Үндэсний аудитын газар, Боловсролын Ерөнхий газар, Барилгын хөгжлийн төв, Нийслэлийн боловсролын газар зэрэг байгууллагын холбогдох хүмүүс багтаж байна.
Баянзүрх дүүрэгт ирэх хичээлийн жилд 3 ээлжээр хичээллэх эрсдэлд ороод буй 16 сургуулийн 8912 сурагч байгаа юм. Тэгвэл салбар яам, Нийслэл, дүүргийн зүгээс хамтран энэхүү асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтой талаар хэлэлцлээ.
Ингэхдээ 14, 84 дүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлыг эрчимжүүлж ашиглалтад оруулах, 10 сургуулийг нэмэлт түрээсийн байранд хичээллүүлэх, 4 сургуульд дотоод нөөц боломжоо ашиглан анги гаргахаар боллоо.
Тус дүүрэгт өнгөрсөн хичээлийн жилд цэцэрлэгийн хүртээмжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн. Үүнийгээ энэ жил хадгалах, нэмэлт арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхээр боллоо.
Мөн Боловсрол шинжлэх ухааны яамны хэмжээнд сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тогтолцооны шинэчлэлийг хийж туршихаар болсон байна. Ингэхдээ 2023 оны хичээлийн жилд Нийслэлийн хэмжээнд төрөлжсөн ахлах сургууль 2-ыг байгуулахаар шийдвэрлэсэн бөгөөд үүний нэг нь 26 дугаар хороонд байгуулагдах юм байна. Ингэснээр 21, 111, 133 дугаар сургуулийн хамран сургах тойргийн сурагчдаас сонголт хийсэн 960 сурагчийг суралцуулахаар төлөвлөж буйг Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир хэллээ.
Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:2023-2024 оны хичээлийн шинэ жил сарын дараачаас эхэлнэ. Өнгөрсөн жил манай дүүрэг цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг шат шатандаа хамтарч ажилласны үр дүнд 100 хувь шийдвэрлэж чадсан. Энэ хичээлийн шинэ жилээр ч мөн адил цоожтой хаалганы цаана хүүхэд үлдээхгүйн тулд ажиллана. Үүнтэй холбогдуулан боловсролын сайдаар ахлуулсан ажлын хэсэг манай дүүрэгт ажиллалаа.
Өнөөдрийн байдлаар манай дүүрэгт 3 ээлжээр хичээллэх эрсдэлд орсон нийт 16 сургуулийн 8912 сурагч байна. Үүнийг салбарын яам, Нийслэлийн зүгээс түргэн шуурхай арга хэмжээ авч, шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Ялангуяа 14,84-р сургуулийн өргөтгөлийг эрчимжүүлж хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө ашиглалтад оруулах, нийт 10 сургуулийг нэмэлт түрээсийн байранд шилжүүлэх зэрэг арга хэмжээ авахыг хүссэн. Үүнд салбарын яам, Нийслэлээс шуурхай ажиллаж шийдвэрлэнэ гэдгээ илэрхийллээ” гэсэн юм.