Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Тодруулбал, наймдугаар сарын 5-нд их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дахь-Эх, Монел орчим уруйн үерт автсан. Улмаар дөрвөн хүний эрдэнэт амь эрсэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Газар зохион байгуулалтын хоёрдугаар албаны дарга Н.Шинэ-Оргил:Газрын зөвшөөрөлтэй 228 айл, зөвшөөрөлгүй 46 өрх үерт өртсөн. Энэ 46 айлын асуудлыг яаралтай шийдэхээр амьдарч байсан газартай нь хамгийн ойрхон буюу 2-2.5 км зайд Богдын давааны орчимд байрлах таван га газарт нүүлгэн шилжүүлэхээр шийдвэрлээд байна. Эхний 20 айлын гэр, дэд бүтэц, хүнс, бусад эд зүйлийг хүлээлгэн өгөх бэлтгэл ажлыг бүрэн хангасан.
Түүнчлэн НИТХ-аар үерийн эрсдэлтэй бүсэд буусан айлуудыг нүүлгэн шилжүүлэх 1000 га орчим газрыг баталсан байдаг. Иймд үерийн эрсдэлтэй бүс, гуу жалга, голын ай сав, хамгаалалттай бүсэд буусан айлууд өөрсдийн амь нас, эд хөрөнгөө хамгаалахын тулд газар зохион байгуулалтын албанд хандан, дээрх байршлаас газраа сонгох бүрэн боломжтой гэв.
Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай:Үерт автсан өрхүүдийн дотор зохих зөвшөөрөлгүй газар эзэмшиж, ашиглаж байсан иргэд байна. Гэхдээ бид нийт иргэдийнхээ үерийн хохирлыг арилгахаар арга хэмжээ авч ажиллаж байгаа. Иргэд хуульд заасны дагуу газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгасан байршилд газар эзэмших, ашиглах эрхээ эдэлж, цаашид амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө хамгаалахад анхаарах хэрэгтэй байна гэдгийг хэлж байлаа.