Наймдугаар сарын 5-ны өдөр их хэмжээний усархаг аадар бороо орсны улмаас Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хороо буюу Дарь-Эх, Монел орчимд амьдардаг айл өрх, аж ахуйн нэгж байгууллагууд уруйн үерт автсан.
Үерийн улмаас дөрвөн хүний эрдэнэт амь эрсдэж, олон иргэн орон гэр, эд хөрөнгөөрөө хохирсон юм.
Тэгвэл “Сүмбэр цамхаг” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд үерийн гамшигт өртөж, орон гэргүй болсон Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний зам талбайн 1-р хэсгийн үйлчлэгч, өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй А.Эрдэнэтуулын гэр бүлд иж бүрэн тавилгатай 5 ханатай гэр хандивлав.
Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний зам талбайн 1-р хэсгийн үйлчлэгч А.Эрдэнэтуул “Манай гэр бүлийг сонгож биднийг гэртэй болгосон “Сүмбэр цамхаг” компанийн хамт олонд маш их баярлалаа. Та бүхний бэлэглэсэн энэ сайхан гэртээ дөрвөн хүүхэдтэйгээ сайхан амьдрахаа амлаж байна. Танай компанийн хамт олонд ажлын өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.
“СҮМБЭР ЦАМХАГ” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ИНЖЕНЕР Т.АМАРБАТ “Манай компани нийгмийн хариуцлагын хүрээнд жил бүр сайн үйлсийн аян зохион байгуулдаг. Өнгөрсөн тавдугаар сард гэхэд Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд хүүхдийн тоглоомын талбай байгуулан тохижуулж хүлээлгэн өгсөн.
Энэ удаад үерийн улмаас гэр оронгүй болсон Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний зам талбайн 1-р хэсгийн үйлчлэгч, өрх толгойлсон дөрвөн хүүхэдтэй А.Эрдэнэтуул эгчид иж бүрэн тавилгатай таван ханатай гэр бэлэглэж байгаадаа бид бүхэн маш их баяртай байна” гэсэн юм.
Баянзүрх дүүргийн 21, 27, 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт болсон үерт 360 өрх автаж, 47 өрх орон гэргүй болсон. Тиймээс “Сүмбэр цамхаг” компанийн хамт олон барилгын салбарынхнаа үерт өртсөн айл өрхөд нийгмийн хариуцлагынхаа хүрээнд тусалж дэмжлэг үзүүлэхийг уриалав.
Мөн “Сүмбэр цамхаг” компанийн зүгээс үерт өртөж амь насаа алдсан иргэдийн ар гэрт дэмжлэг үзүүлэх Нийслэлийн Онцгой комиссын ажилд туслахад бэлэн гэдгээ илэрхийлсэн юм.
А.Эрдэнэтуулын гэр бүл Нийслэлийн газрын албанаас газар олгох хүртэлх хугацаанд “Сүмбэр цамхаг” компанийн барилгын хашаанд түр амьдрахаар болсон юм.
БАЯНЗҮРХ ДҮҮРГИЙН ЭКО ТОХИЖИЛТ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗАМ ТАЛБАЙН 1-Р ХЭСГИЙН МАСТЕР Л.МАЖИГСҮРЭН: Үерийн улмаас Баянзүрх Эко тохижилт үйлчилгээний зам талбайн дөрвөн үйлчлэгчийн гэр үерт өртсөн. Үерт өртсөн айл өрхөд туслахын тулд барилгын “Сүмбэр цамхаг” компанийн хамт олон судалгаа явуулсны үндсэн нь дээр бага насны дөрвөн хүүхэдтэй зам талбайн 1-р хэсгийн үйлчлэгч А.Эрдэнэтуулын гэр бүлд иж бүрэн 5 ханатай гэр, тавилгатай нь хандивлаж байгаад ажилчдынхаа өмнөөс маш их талархаж байгаагаа илэрхийлье.
“Сүмбэр цамхаг” компани барилгын салбарынхнаа уриалаад үерийн гамшигт өртсөн хүмүүст сэтгэлийн дэм, эд материалын дэмжлэг үзүүлж байгаадаа маш их талархаж байна.