Бэлгийн замаар дамжих халдварт өвчин үргүйдэлд хүргэдэг

Монголын Урологи-Андрологийн холбоо, Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн Урологи-Андрологийн төв, Солонгос улсын Урологи-Андрологийн нийгэмлэгтэй хамтран өнөөдөр Бэлгийн замаар дамжих халдварын I форумыг зохион байгууллаа.

Форумыг нээж Монголын Урологи-Андрологийн холбооны тэргүүн, УНТЭ-ийн Бөөрний мэс заслын клиникийн зөвлөх, Хүний гавьяат эмч Д.Нямсүрэн, Солонгос улсын Урологи-Андрологийн нийгэмлэгийн тэргүүн И Сын Жү нар үг хэлэв.

БНСУ-ын Сөүл медикал центерийн эмч Чой Сын Гвон “Солонгос дахь БЗДХ-ын тархалт, өвчлөл, чиг хандлага төлөв” сэдвээр илтгэл тавихдаа “Бэлгийн замаар дамжих халдвар (БЗДХӨ) нь ихэвчлэн халдвартай хүнээс бэлгийн хавьтлын үед халдварладаг. Одоогийн байдлаар 30 гаруй төрлийн бэлгийн замаар дамжих халдварын үүсгэгчийг илрүүлээд байна.
Дэлхий даяар өдөр бүр бэлгийн замаар дамжих халдварын 1 сая гаруй тохиолдол бүртгэгддэг бөгөөд ихэнх нь шинж тэмдэггүй байдаг. Бэлгийн замаар дамжих халдвар нь үргүйдэл, хорт хавдар, жирэмсний хүндрэл зэргээр бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндэд хор уршигтайгаар шууд нөлөөлдөг бөгөөд ХДХВ- Хүний Дархлал Хомсдолын Вирусийн халдвар авах эрсдэлийг нэмэгдүүлдэг” гэдгийг онцлон хэлсэн юм.

Солонгос улсын Урологи-Андрологийн нийгэмлэгийн тэргүүн И Сын Жү: Улсын Нэгдүгээр төв эмнэлэгтэй хамтран “Солонгос-Монголын Бэлгийн замаар дамжих халдварын I форум”-ыг зохион байгуулж байна.

Бэлгийн замаар дамжих халдварт өвчний талаар олон нийтэд хаалттай биш олон нийтэд нээлттэй мэдээлэл өгөх нь өөрөө урьдчилан сэргийлэх чухал арга болдог. Өнөөдрийн  форум нь Бэлгийн замаар дамжих халдварт өвчинтэй холбоотой мэдлэг, мэдээлэл өгөхөөс гадна  цаашид сургалт зохион байгуулах, эмч, мэргэжилтнүүдийг сургах ажлын эхлэл болж байна.

Цаашид хоёр улсын ард иргэдийн эрүүл мэнд, тэр дундаа Бэлгийн замаар дамжих халдварт өвчний тусламж үйлчилгээний чиглэлээр маш олон ажил хийгдэнэ гэдэгт итгэлтэй байна.


Монголын Урологи-Андрологийн холбооны тэргүүн, УНТЭ-ийн Бөөрний мэс заслын клиникийн зөвлөх Д.Нямсүрэн “Бэлгийн замаар дамждаг халдварт өвчин нь вирусээр дамжин халдварладаг бөгөөд эмчлэхэд төвөгтэй, оношлоход хүндрэл бэрхшээл их гардаг, эмчилж байгаа болон эмчлүүлж байгаа хүнээс тэсвэр хатуужил шаарддаг. Сүүлдээ даамжраад аарцагны архаг үрэвсэлт өвчин үүсгэдэг, үрэвслийг цаг тухайд нь эмчлэхгүй бол бэлгийн сулрал, үргүйдэлд хүргэдэг аюултай. Залуучууддаа хандаж хэлэхэд тохиолдлын бэлгийн хавьталд орж өөрийгөө битгий эрсдэлд оруулаарай. Бэлгийн замын халдварт өвчнөөс сэргийлэх тулд хамгаалалтгүй бэлгийн хавьталд орохгүй байх, бэлгийн замын халдварт өвчингүй эрүүл, нэг хамтрагчтай байх, бэлгийн ариун цэврийг маш сайн сахих хэрэгтэй. ” гэв.


Тус форумд  Улсын Нэгдүгээр төв эмнэлэг, Улсын Гуравдугаар төв эмнэлэг, Улсын Хоёрдугаар төв эмнэлэг зэрэг лавлагаа шатлалын болон дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн 100 гаруй эмч, мэргэжилтнүүдээс гадна БНСУ-ын 20 гаруй эрүүл мэндийн байгууллагын эрдэмтэн судлаач, эмч мэргэжилтнүүд оролцож, Бэлгийн замаар дамжих халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэлт, оношилгоо, эмчилгээний талаар өөрсдийн мэдлэг туршлагаасаа хуваалцсан юм.

 

 

Санал болгох мэдээ

“Шинэ хоршоо-Чинээлэг малчин” хөтөлбөрийн хүрээнд малчдад зургаан хувийн хүүтэй, 50 хүртэлх сая төгрөгийн зээл олгоно

Засгийн газраас “Шинэ сэргэлтийн бодлого”-ын Хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд “Шинэ хоршоо хөдөлгөөн” өрнүүлэх, энэ хүрээнд …