Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар Нийслэл Улаанбаатар хотод гамшгийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшгийн хор уршгийг арилгах, нийслэлийн хот төлөвлөлт, газар зохион байгуулалттай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Тус тогтоолоор нийслэл Улаанбаатар хотын ерөнхий төлөвлөлт, газар зохион байгуулалт, ашиглалт, хотын барилгажилтыг хүний аюулгүй байдал, нийтлэг эрх ашиг, байгаль экологи, ногоон хөгжил, эдийн засаг, нийгмийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр Газрын багц хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг боловсруулж, Улсын Их Хурлын 2023 оны намрын чуулганд өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрыг Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд ажиллуулах чиглэлээр холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулж, 2024 оны Төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх арга хэмжээ авахыг Засгийн газрын холбогдох гишүүдэд тус тус даалгалаа. Хууль, тогтоомжийн төсөл батлагдах хүртэл хугацаанд нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд шинээр газар эзэмшүүлэх, ашиглуулах шийдвэр гаргахгүй байхыг даалгалаа.
Тусгай хэрэгцээний газар, нийтийн эдэлбэрийн газар, зам, шугам сүлжээний газар, ойн болон усны сан бүхий газар, тэдгээрийн хамгаалалтын бүс газарт хууль тогтоомж зөрчин газар эзэмшиж, ашиглаж байгаа, барилга байгууламж барьсан асуудал бүрийг судлан үзэж, газар чөлөөлөх арга хэмжээг холбогдох хууль, журмын дагуу зохион байгуулахыг үүрэг болгов.
Үерийн бүс бүхий газарт буусан айл өрх, аж ахуйн нэгжүүдийг нүүлгэн шилжүүлж, хууль тогтоомж зөрчиж газар олгосон буруутай албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх, үерийн хамгаалалтын бүсэд зөвшөөрөлгүй буусан, үерийн далан, сувгийг хог, барилгын хаягдлаар дүүргэсэн, далан, сувгийг хааж барилга байгууламж барьсан зэрэг зөрчилд хүлээлгэх хариуцлагыг нэмэгдүүлэх, хотын хэмжээнд гамшгийн эрсдлийн үнэлгээг олон улсын мэргэшсэн байгууллагаар гүйцэтгүүлэх, цаашид усны сан бүхий газар, гол горхи, тэдгээрийн хамгаалалтын бүс газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, шийдвэрийн төслийг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгалаа.
Мөн гамшгаас урьдчилан сэргийлэх, хамгаалах, гамшгийн нөхцөл байдал, түүний эсрэг авч хэрэгжүүлэх хариу арга хэмжээг төлөвлөх, хэрэгжүүлэх шатанд гарах зардлыг жил бүрийн улсын төсөвт тусгаж бэлэн байдлыг хангах, онцгой байдлын байгууллагын төсөв хөрөнгө, машин техник, багаж хэрэгсэл, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг шийдвэрлэх, байгалийн аюулт үзэгдлийг зарлан мэдээлэх, дохио, сэрэмжлүүлэх мэдээлэл хүргэх үйл ажиллагааг боловсронгуй болгох асуудлыг тусгажээ.