Үндэсний бөхийн салбар комисс, Допингийн эсрэг үндэсний төвөөс мэдээлэл хийлээ.
Хууль зүй, дотоод хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзориг “32 бөх шинжилгээ өгснөөс нэг бөхөөс допинг илэрсэн. Олон улсын гэрээ конвенц болон дүрэм журамд заасны дагуу уг бөхийн нэрийг зарлах боломжгүй. Допинг илэрсэн бөхөд бид мэдэгдэнэ. Өөрийн эрхийн дагуу Б сорьцын шинжилгээнд орох эсэхээ шийдсэний дараа бөхийн нэр тодорхой болно. Б сорьцоор ямар үр дүн баталгаажиж ирсний дараа арга хэмжээ авах асуудал яригдана.
Бидэнд Үндэсний допингийн төвөөс өгч буй мэдээллээр энэ шинжилгээнүүд долоодугаар сарын 17-ны өдрөөс хойш лабораторид орж эхэлсэн. Долоодугаар сарын 27-нд эхний хариу буюу 31 бөхийн хариу ирсэн. Үүнээс хойш хүлээгдэж зарим эргэлзээтэйг нь дахин лабораториор баталдаг. Энэ хариу өнөөдөр ирсэн. Ирсэн даруйд нь олон нийтэд мэдээлж буйг хэлье. Тухайн бөхөөс бүх цаг үед хориглосон бодис илэрсэн. Энэ бол олон улсын “WADA”-гаас гаргасан бүх цаг үед хориглосон метанолон гэх бодис илэрсэн гэсэн хариу ирсэн. Энэ хариугаа бид тухайн бөхөд танилцуулна. Дараагийн шинжилгээний зардлыг тухайн тамирчин өөрөө даах ёстой” гэж мэдэгдлээ.