Улсын хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээ, оношлогоог эрчимжүүлэх тухай Эрүүл мэндийн сайдын 2023 оны долдугаар сарын 17-ны А/256 дугаар тушаалын хэрэгжилтийг хангах хүрээнд төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүд орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудыг мэргэжлийн арга зүйгээр хангах нарийн мэргэжлийн эмч нарын явуулын баг гарган ажиллуулж байгаа.
Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн эмч нарын эхний баг Дархан-Уул, Сэлэнгэ аймагт дөрөв хоног ажиллаад ирсэн бол хоёрдугаар ээлжийнхэн өнөөдөр /2023-08-24/ Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэдэд эрт илрүүлэх үзлэг, оношлогоо хийхээр замдаа гарлаа.
Эмч нарын багийг ахалж яваа УНТЭ-ийн Эмнэлзүйн албаны дарга Л.Ундармаа “Эрүүл мэндийн сайдын тушаалаар эрт илрүүлэх үзлэг, оношлогоо, шинжилгээнд иргэдийн хамрагдалтыг нэмэгдүүлэх, орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудад мэргэжил, арга зүйн дэмжлэг үзүүлэх чиглэлээр УНТЭ нь Сэлэнгэ, Говьсүмбэр, Дархан-Уул, Төв, Өмнөговь, Дорноговь, Дундговь зэрэг долоон аймагт ажиллахаар болсон. Эмч нарын эхний баг өнгөрсөн долоо хоногт Сэлэнгэ, Дархан-Уул аймагт ажиллаад ирсэн бол энэ удаа Говьсүмбэр, Дорноговь аймагт ажиллах 15 хүний бүрэлдэхүүнтэй баг гарч байна.
Өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаатай УНТЭ-ийн нарийн мэргэжлийн эмч нарын баг, ЭХЭМҮТ-ийн эх барих, эмэгтэйчүүд, ХӨСҮТ-ийн халдвартын эмч нарын бүрэлдэхүүнтэй баг ажиллаж орон нутгийн 18-60 насны иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээнд хамруулахаас гадна өмнө нь эрт илрүүлэгт ороод өвчлөлтэй гарсан иргэдэд нарийн мэргэжлийн эмч нарын үзлэг хийх тул Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэдийг эрт илрүүлэх үзлэг, оношлогоондоо идэвхтэй хамрагдахыг уриалж байна” хэмээсэн.
Орон нутагт эрт илрүүлэх үзлэг, оношлогоог эрчимжүүлэх үүрэгтэй ажиллах эмч нарын багийн гишүүн тус эмнэлгийн хоол зүйч Э.Санчир “Бид эрт илрүүлэг, оношлогоог орон нутагт очиж хийхдээ тухайн аймагт ямар өвчлөл их байгааг судалж тухайн онцлогт нь тохируулан эмч нарын багийг гаргаж байна. Хөдөө орон нутагт халдварын бус өвчлөл буюу илүүдэл жин, чихрийн шижин зэрэг өвчлөл их байна. Энэ нь бидний амьдралын хэвшлээс 100 хувь хамаардаг. Тийм учраас миний бие иргэдэд өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчин, эмгэгтэй тохиолдолд ямар хоол хүнс хэрэглэх, юун дээр анхаарах ёстой талаар зөвлөгөө мэдээлэл өгнө” гэсэн юм.
УНТЭ-ийн эмч нарын баг эрт илрүүлэх үзлэг, оношлогоо шинжилгээ хийхээс гадна хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдэд мэргэжил арга зүйн зөвлөгөө өгнө. Мөн сүүлийн жилүүдэд халдварт бус өвчлөл нэмэгдэх хандлагатай байгаа тул зүрх судас, дотоод шүүрлийн нарийн мэргэжлийн эмч нарыг орон нутагт ажиллах багтаа оруулсан гэж байв.