Засгийн газрын ээлжит бус хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа.
Энэ үеэр Боловсролын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолыг баталсантай холбогдуулан Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Боловсролын багц хуулийн хүрээнд хот, хөдөөгийн сургууль, хувийн болон төрийн сургуулийн ялгааг арилгах зургаан шинэчлэлийг зарлаж, бүх түвшинд хөтөлбөрөө шинэчилнэ.
Багш бэлтгэх, багш ажлын байрандаа тасралтгүй хөгжих тогтолцоо, багшийн цалин хөлс, нийгмийн баталгааг тогтолцооны хүрээнд шинэчилнэ.
Өнөөдрийг хүртэл Монголд бий болсон хуурамч дүнгийн тогтолцоог халж, ахиц дэвшлийг үнэлдэг болно.
“Боловсролын шинэ сэргэлт” үндэсний зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тодорхой мэдэгдэл хийж, багш мэргэжлээр суралцаж буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс 100 хувь даах шийдвэрийг гаргасан. Энэ нь нийгэмд нэлээд хэлэлцүүлэг өрнүүллээ.
Засгийн газрын боловсролын салбарт хүртээмжийг нэмэгдүүлэх чиглэлд сүүлийн хоёр жил ажилласан.
Өнгөрсөн жилээс сугалааны цэцэрлэгийн тогтолцоог бүрэн халсан. Энэ жил гурван ээлжээр хичээллэх эрсдэлтэй сургуулиудад онцгой анхаарч бодлогын шийдвэрүүдийг гаргаж байна.
Хүртээмжийн асуудлыг шийдсэн. Одоо боловсролын чанарын асуудал бий. Чанартай боловсрол гэдэг бол чанартай багшийн асуудал. Багшаа хэрхэн яаж бэлтгэх, ямар хүүхэд ирээдүйн багш болох, ямар хөтөлбөрөөр тэднийг бэлтгэх, багш бэлтгэх сургуулиуд ямар стандарт, шаардлага хангасан байх зэрэг тогтолцооны асуудлыг хөндөж байгаа.
Багшийн цалин хөлс, нийгэм дэх нэр хүндийг яаж өргөх вэ гэдэг цогц бодлогын хүрээнд арга хэмжээ авч байна.
Багш болох хүүхдүүдийн дөрвөн жилийн сургалтын төлбөр чухал биш, 40 жил ажиллах багшийн ажлын үнэлэмж, цалин хөлс чухал гэх нийгмийн хандлага бий.
Боловсролын салбар хэзээ ч халамжийн салбар байж болохгүй. Багш мэргэжлээр сурч буй хүүхдүүдийн сургалтын төлбөрийг төрөөс даах бодлого нь халамжийн бодлого биш. Энэ бол боловсролын сэргэлт хөгжлийн бодлого, стратегийн түвшинд тооцоолж, төлөвлөн гаргасан шийдвэр.
Багшийг хөгжүүлэх, багшийн нийгмийн баталгааг сайжруулах, багшийг дэмжих гурван тулгуурт бодлогын зөвхөн нэгээхэн хэсэг ажлыг тасалж аваад улс төрийн зорилгоор, оноо цуглуулах хэлбэрээр байр сууриа илэрхийлж болохгүй гэж бодож байна.”гэв.