Номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд болно

“Илүү их уншъя” уриатай 34 дэх удаагийн номын баяр энэ сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Жанжин Д.Сүхбаатарын талбайд болно.

Номын баярын үеэр уншигчдад ном сонирхох, зохиолчидтой ярилцах боломжийг бүрдүүлэх зорилгоор тус бүрдээ сонирхолтой хөтөлбөр бүхий “Номын нээлт”, “Ногоон зүлэг” нэртэй хоёр тайзтай байх аж. Тодруулбал, хэвлэн нийтлэгчид олон улсын номын зах зээлд номоо гаргасан туршлагаа хуваалцахын зэрэгцээ номын тухай подкастууд, шинэ номын нээлтүүд, шинэ хэвлэлийн газруудтай танилцах ярилцлагуудыг сонирхох боломжтой.

Уламжлалт номын баяраар “Өсвөр насныханд санал болгох 50 номын жагсаалт”-ыг танилцуулахын зэрэгцээ, сурагчдыг “Автобустай аялал”-аар номын баярт хүргэх юм.

Мөн гадаадын зохиолчид номын нээлтээ хийж, уншигчидтай уулзалт хийнэ. Тухайлбал, ХБНГУ-ын зохиолч, яруу найрагч Албрехт Күүн, ОХУ-ын төрийн шагналт утга зохиол судлаач, шүүмжлэгч Павел Басинский, оросын улс төрийн триллер зохиолч Дмитрий Захаров, зохиолч, сурган хүмүүжүүлэгч Екатерина Барбаняга, түүхч, соёл судлаач Анна Эспарса, Анастасия Игоревна Строкина, Игорь Сид, Буриадын зохиолч Ширеторов Чингис Пурбоевич, Халимагийн түүхч Басан Захаров, БНХАУ-ын зохиолч Хань Зин Хүй, Италийн утга зохиолын Грицане Кавур шагналт, Хятадын мета-зөгнөлт буюу постмодернист зохиолын аварга гэгддэг Үй Хуа, БНХАУ-ын ӨМӨЗО-ны зохиолч Сономцэрэн нар шинэ номын нээлтээ хийж, уншигчидтай уулзан, тусгай лекцүүдээ унших юм байна.

Номын баярт 200 гаруй хэвлэн нийтлэгч, 300 гаруй зохиолч тогтмол оролцдог. Энэ жилийн баярт шинээр оролцохоор 50 гаруй шинэ оролцогчид нэмэгдсэн байна.

 

 

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …