Ханиадны урьдал үе, хурц үе, эдгэрэлтийн үеийн эмчилгээг бүрэн цогцоор нь хийх нь чухал

 

Манба Дацан Бодь сэтгэлтэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ны доктор Г.Одонцэцэгийн зөвлөгөөг хүргэж байна.

Ханиад томуу нь халуун мөн чанартай өвчний язгуурт багтдаг. Хамар, хоолой, уушгины ханиад байна уу гэдгээс хамаараад эмчилгээг тохируулж хийнэ.

Ерөнхийдөө өвчний эхэн үе, дэлгэрч байгаа үе, эдгэрэлтийн үе гэсэн гурван үе шаттай нь харгалзаж эмчилгээг хийнэ.

Өвчний эхэн үед хөнгөн байдаг учир яаралтай арга хэмжээ авбал цааш дэлгэрүүлэхгүй эдгээх боломжтой.

Харин дэлгэрсэн үедээ орсон бол дэлгэрсэн ханиадыг сайн дараад эдгэрэлтийн үеийг нь маш сайн анхаарах хэрэгтэй. Хүмүүс эм уугаад, эмчилгээ хийлгээд ханиадны шинж тэмдэг арилмагц эдгэчихлээ гэж бодоод эдгэрэлтийн үеэ анхаардаггүй.

Гэтэл эдгэрэлтийн үед хийн бэлгэ чанар ихэвчлэн арвиддаг учир өвчний үлдэгдэл архагших, эргээд дахих зэрэг тохиолдол гардаг. Ойрын үед манай эмнэлэгт хямарсан, халдварт зэрэг ханиадны эдгэрэлтийн үедээ хямарч байгаа хүмүүс их ирж байна.
Даралт ихэслээ, зүрхээр өвдөж, нойр сэрвэлзэж, үе мөч өвдөж байна, ханиад бол эдгэсэн гэдэг.
Энэ бол эдгэрэлтийн үеийг анхаарч, ханиадыг бүрэн төгс эмчлээгүйгээс эдгэрэлтийн үеийн хямрал явагдаж байгаа хэрэг. Хэрэв эдгэрэлтийн үеийн хямралыг дарахгүй бол ясанд хий халуун шунаад хэрэх, үе мөчний өвчин үүсэх, даралт ихсэх, нойргүйдэх, зүрхний хий үүсэх зэрэг эмгэг үүсдэг.

Мөн халуун бууруулах сэрүүн чанарын эм эмчилгээ хийсний улмаас ходоодны галын илч буурах, бөөр давсаг, өндгөвч зэрэг хүйтэн махбодтой эрхтнүүд хямрах нь байдаг. Тиймээс эдгэрэлтийн үед нь шим тэжээлтэй хоол унд идэх, дулаан хувцаслах, шөнийн нойр алдахгүй байх зэргээр биеэ арчилж тордох хэрэгтэй. Хэрэв эмгэг өвчлөл үүссэн бол мэргэжлийн эмчид хандаж, заавар зөвлөгөөний дагуу эм, эмчилгээг хийлгэх нь чухал. Ханиадыг бүрэн эмчлэхгүй байх нь ийм л хор уршигтай. Ханиад бол байнга хүрээд дорхноо эдгэчихдэг энгийн өвчин биш. Ханиадыг дутуу эмчилснээс болж олон өвчин үүсэх нөхцөлийг бүрдүүлдэг гэдгийг анхаарах хэрэгтэй.

 

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …