Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн орон нутаг дахь томилолт Дархан-Уул аймагт үргэлжилж байна. Тэрбээр Улаанбаатар-Дархан чиглэлийн 204.11 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажлын явцтай танилцлаа. Ерөнхий сайд тус замын ажлын явцтай гурав дахь удаагаа танилцаж байна.
Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ бүхий хатуу хучилттай авто зам болгон өргөтгөн шинэчилж буй. Хоёр эгнээ хуучин авто замыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр өргөтгөн шинэчилж, Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр нэмж хоёр эгнээ авто зам барьж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийгдэж буй таван багц ажлаас нийт 113.53 км авто замын хөдөлгөөнийг 2021 оны долдугаар сарын 16-ны өдөр нээсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр багц ажилд 300 орчим инженер, техникийн ажилчид, 128 техник, тоног төхөөрөмж ажиллаж, ажлын гүйцэтгэл 87 хувьтай байна.
Европын сэргээн босголт, хөрөнгө оруулалтын банкны санхүүжилтээр хийгдэж буй хоёр эгнээ авто замаас 2022 онд багц нэг болон дөрөвдүгээр хэсгийн суурь асфальтбетон хучилт бүрэн дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг 2022 оны аравдугаар сарын 30-нд нээсэн. Өнөөдрийн байдлаар өнгө хучилт хийгдэж байна, 2023 онд дөрвөн эгнээ хатуу хучилттай авто замыг нээхээр төлөвлөн ажиллаж байна. Төслийн гүйцэтгэл 67.5 хувьтай байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын ажлыг чанартай, шуурхай гүйцэтгэж, энэ онд багтаан бүрэн дуусгах, ажлаа чанаргүй гүйцэтгэсэн “Чайна Жео-Инженеринг Корпораци” компанийг хар жагсаалтад оруулж, төрөөс зарлаж буй ажил гүйцэтгэлийн тендерт дахин оруулахгүй байхыг үүрэг болголоо.