Улсын хэмжээнд Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг 21 аймаг, 9 дүүрэгт байгуулж байна. Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр Ховд, Дундговь аймагт дээрх төвийг барьж ашиглалтад оруулсан. Өнөөдөр Дархан-Уул аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээлээ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээлтийн ёслолд оролцож үг хэллээ.
“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжсэн олон талт хөгжлийн цогц тогтолцоог төлөвшүүлэх, нийгмийн тэгш оролцоог хангах зорилт дэвшүүлсэн. Энэ хүрээнд аймаг, дүүрэг бүрт Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийг нээж байгаа бөгөөд энэ нь олон иргэнд тусламж үйлчилгээ авахад дэмжлэг болно. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд барилга барьж өгөхийгөө л бид дэмжлэг гэж үзэж болохгүй. Нийгэмд тэдний дуу хоолой, эрх ашгийг хамгаалах, хандлагаа өөрчлөх түүчээг эхлүүлэх болно гэдгээ Ерөнхий сайд онцоллоо.
Монгол Улсад 115 мянга гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 67 хувь нь хөдөө орон нутагт, түүний дотор Дархан-Уул аймагт 5200 орчим нь амьдарч байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон насанд хүрэгчдийг сэргээн засах, эрт илрүүлэг, хөгжлийн дэмжлэг, гэр бүлийн гишүүд, асран хамгаалагчдад зөвлөгөө өгөх, сургалт зохион байгуулах, сэтгэл зүйн болон сэтгэл заслын үйлчилгээ, протез, ортопед, туслах хэрэгсэл захиалах, ашиглах зөвлөгөө өгөх, тохируулах, засварлах зэрэг үйлчилгээ үзүүлэх юм.