Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 67 дугаар чуулган 2023 оны 09 дүгээр сарын 25-29-ний өдрүүдэд Австри Улсын Вена хотноо зохион байгуулагдаж байна.
Чуулганы үеэр Монгол Улс дахь цөмийн анагаах ухаан, хавдрын цацрагийн эмчилгээний үндэсний чадавхийг бэхжүүлэх гурван талт хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улс, Олон улсын атомын энергийн агентлаг хооронд хэрэгжүүлэх “Илтгэлцлийн бичиг”-т Монгол Улсын Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд, БНСУ-ын Цацрагийн болон анагаахын шинжлэх ухааны хүрээлэнгийн (КИРАМС) Ерөнхийлөгч Жин Кюнг Ли, ОУАЭА-ийн Ерөнхий захирлын орлогч бөгөөд Техникийн хамтын ажиллагааны газрын дарга Хуа Лиу гарын үсэг зурлаа.
Ёслолын ажиллагаанд ОУАЭА-ийн Ерөнхий захирал Рафаель Гросси, БНСУ-ын Шинжлэх ухаан, мэдээлэл холбооны технологийн сайд Ли Жон Хо, Монгол Улсын Цөмийн энергийн комиссын нарийн бичгийн дарга Г.Манлайжав нар оролцов.
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэх, дэлхий дахинаа хавдрын оношилгоо, эмчилгээг сайжруулах хүрээнд ОУАЭА нь “Итгэл найдварын туяа” санаачилгыг өнгөрсөн онд эхлүүлсэн. Манай улс хавдрын менежментийг сайжруулах чиглэлээр томоохон төсөл хэрэгжүүлэх хоёр дахь орноор тодорч, энэ чиглэлээр өнгөрсөн 8 дугаар сард ОУАЭА болон БНСУ-тай хамтран ажиллахаар тохиролцсон байна.
Төсөл 2024-2027 онд хэрэгжих бөгөөд төслийн хүрээнд Улсын Нэг, Хоёрдугаар төв эмнэлэг, ХСҮТ төв нь орчин үеийн техник, тоног төхөөрөмжөөр хангагдан, боловсон хүчин бэлтгэгдэж манай улсын хавдрын оношилгоо, эмчилгээний үндэсний чадавх бэхжих юм.