Хөвсгөл аймгийн Засаг даргын тамгын газар, Хөвсгөл аймгийн нутгийн зөвлөл хамтран “Нээлттэй Хөвсгөл 2023” арга хэмжээг Улаанбаатар хотноо 2023 оны 10-р сарын 6,7 –ны өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулах гэж байна.
Тус арга хэмжээ нь Хөвсгөл нутагт ажиллаж амьдрах бүх талын дэмжлэг, боломжийг танилцуулах, аймгийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, бизнес эрхлэгчид, малчид тариаланчдын үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн үйлчилгээг орон даяар таниулан сурталчлах, борлуулах, бизнесийн түншлэлийг тогтоох, шинэ инновац туршлага судлах, дэвшилтэт технологи, тоног төхөөрөмж нэвтрүүлэх, төр хувийн хэвшлийн түншлэл, бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чиглэж байна.
Өдөрлөгт Хөвсгөл аймгийн 21 сумын 200-аад иргэн, аж ахуйн нэгж 250 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээрээ оролцох төлөвтэй байна.
“Нээлттэй Хөвсгөл” өдөрлөгийн үеэр
“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт,
“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн,
“Хөвсгөлөөр аялцгаая” үзвэр, мэдээлэл,
“Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаат худалдаа,
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулга,
“Хөвсгөлийн цуурай” Хөвсгөл аймгийн зураач, урчуудын үзэсгэлэн,
“Хөх сувдын орон” урлагийн тоглолт,
“Хөвсгөл гоёл” үндэсний хувцасны загварын үзүүлбэр,
“3X3” сагсан бөмбөгийн тэмцээн, номын үзэсгэлэн худалдаа зэрэг арга хэжээ зохион байгуулагдана.
Хоёр өдөр Сүхбаатарын талбайд үргэлжлэх өдөрлөгт хүрэлцэн ирсэн иргэд Хөвсгөл аймгийн онцлогтой танилцаж, урлаг соёлын үзүүлбэр үзэж, Хөвсгөлийн брэнд бүтээгдэхүүн, хүнс, хоолыг амтлах, худалдан авах боломжтой.
“Хөвсгөлчүүд дайлж байна” амталгаагаар нутгийн органик бүтээгдэхүүн, махаар хийсэн хоол, хүнсээ амтлуулж, цай, загас загасан бүтээгдэхүүн, аяганы хорхог, жимс, жимсгэнэ, цагаан идээ зэрэг нутгийн брэнд бүтээгдэхүүнээ борлуулна.
“Нээлттэй Хөвсгөл-Нутгаа зорьё” сумдын танилцуулгын үеэр Хөвсгөл аймгийн бүх сум, нэг тосгон өөрсдийн онцлог, хөгжлийн төлөвлөгөөгөө Сүхбаатарын талбайн хуваарилагдсан асарт, талбайн төв тайзан дээр танилцуулна.
“Хөвсгөлөөр аялцгаая” арга хэмжээгээр Хөвсгөл аймгийн байгалийн үзэсгэлэнт газрууд, эвент арга хэмжээ, түүх, соёлын аялал жуулчлалын бүтээгдэхүүн, үйлчилгээтэй танилцахын зэрэгцээ Хөвсгөлийн 6 ястны соёлыг сурталчлах “Хөвсгөл гоёл” загварын үзүүлбэрийг сонирхох боломжтой.
“Хөвсгөлийн цуурай” зураач, урчуудын үзэсгэлэн:Хөвсгөл аймгаас гаралтай зураач, урчууд, уран бүтээлчдийн төлөөлөл Монголын үндэсний музейн танхимд хоёр өдрийн турш уран бүтээлээ дэлгэж олны хүртээл болгоно. Үзэсгэлэнд Ардын зураач, Төрийн соёрхолт До.Болд, Ардын зураач, Урлагийн гавьяат зүтгэлтэн Г.Дунбүрээ, Урчуудын эвлэлийн нэрэмжит шагналт, ШУТИС-ийн хүндэт профессор,зураач С.Болдбаатар нарын 10 гаруй мэргэжлийн зураач, уран бүтээлчдийн 50 гаруй бүтээлийг үзэж сонирхох боломжтой.
3х3 сагсан бөмбөгийн баг: Сагсан бөмбөгийн тэмцээн чөлөөт тоглолт, сагсан бөмбөгийн үзүүлбэр үзүүлнэ.
“Хөвсгөлийн ирээдүй” нээлттэй уулзалт, форум:Энэхүү уулзалт хэлэлцүүлгээр Хөвсгөлийн эко аялал жуулчлал, органик хүнс, хөрөнгө оруулалтын боломж зэрэг сэдвүүдийг онцолж, салбарын эрдэмтэн судлаачид, төрийн холбогдох албан тушаалтнууд, бизнес эрхлэгчид, орон нутгийн төлөөлөл оролцоно.
1. Аялал жуулчлалын ЭКО БҮС: Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдал, хөгжлийн хэтийн төлөв, тулгамдаж буй асуудал, гарц шийдэл /Орон нутгийн онцлог, оролцогч талуудын хамтын ажиллагаанд тулгуурласан “Тогтвортой, Эко аялал жуулчлал”-ыг хөгжүүлэх бодлого/
2. ОРГАНИК- ХӨВСГӨЛ: Хөдөө аж ахуйн салбарын нөхцөл байдлыг танилцуулах, органик тариалалт, махны аж ахуйн салбарт баримталж байгаа бодлого, тулгамдаж буй асуудлууд, гарц, шийдэл, /Хөвсгөл аймаг эрүүл бүс болох, Органик –Хөвсгөл бодлого хэрэгжүүлэх/
3. ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ БА ХӨДӨӨГИЙН СЭРГЭЛТ: Хөрөнгө оруулалтын орчин, аж ахуйн нэгжүүдийн чадамж, бараа, үйлчилгээний өрсөлдөх чадварын талаарх судалгаа, мэдээлэл, хэлэлцүүлэг.
Мөн энэ үеэр Хөвсгөл аймгийн онцлогтой үйлдвэрлэл, үйлчилгээний төслүүдэд хөрөнгө оруулалт хийх “Хөрөнгө оруулалтын сан”-гийн нээлт болно.
“Нээлттэй ажлын байр”-ны үзэсгэлэн:Хөвсгөл аймгийн хэмжээнд зарлагдсан ажлын байрны дэлгэрэнгүй мэдээлэл, хөдөө орон нутагт шилжин суурьшиж ажиллах, амьдрах иргэдэд үзүүлэх дэмжлэг, боломжуудын тухай мэдээлэл болон улс орон даяарх бүх ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой. Нийслэл, орон нутаг дахь төр, хувийн хэвшлийн нээлттэй ажлын байрыг танилцуулах юм.
“Хөх сувдын орон” урлагийн тоглолт:“Хөх баавгайн домог” уран бүтээлийн нэгдэл “Тайгын эгшиглэн” тоглолтоороо зургаан ястны язгуур урлагийг олон нийтэд сонирхуулна. Мөн “Соён гийгүүлэгчдийн өлгий” Хүндэтгэлийн тоглолт, “Хөвсгөлд тавтай морил” – Хаалтын шоу тоглолт болно.