Ховд аймгийн төвд шинээр барьсан зам хуурч эвдэрсэн гэх мэдээлэл зарим мэдээллийн сайт болон, цахим сүлжээнд нийтлэгдсэнтэй холбогдуулан “ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН ТӨВ” ТӨҮГ-аас дараах тайлбарыг гаргажээ.
Ховд аймгийн нисэх буудлаас аймгийн төв хүртэл авто замын 5,33км замыг Орон нутгийн авто замын сангийн хөрөнгөөс 934 сая төгрөгийг зарцуулж Монгол Улсад анх удаа “Slurry seal” технологийн хамгаалалтын бүрхүүл тавих ажлыг Ховд аймгийн АЗЗА гадаадын мэргэжилтнүүдтэй хамтран хэрэгжүүлсэн.
Энэ нь замын насжилтыг 5 хүртэл жилээр уртасгадаг сүүлийн жилүүдэд олон улсад өргөнөөр ашиглаж байгаа технологийг нэвтрүүлээд байна.
Гэтэл үүнийг шинээр чанаргүй зам барьсан мэтээр төөрөгдүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм. Өөрөөр хэлбэл барьж байгуулаад 15-аас дээш жилийн насжилттай зам дээр хамгаалалтын бүрхүүл үүсгэхэд дээрх санхүүжилтийг зарцуулсан болно.
Тодруулбал улсын хэмжээнд байгаа нийт авто замын ээлжит засварт 1 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа.
Тэгвэл энэхүү технологи нэвтэрснээр үлэмж хэмжээний зардлыг хэмнэх ба замын насжилтыг уртасгах онцгой ач холбогдолтой юм.
Энэхүү ажлыг гүйцэтгэх явцад Монгол орны цаг уурын онцлог, хөрсний шинж чанар бүтэц найрлагаас шалтгаалж 1,1 км орчим хэсэг дээр дутагдал илэрсэн бөгөөд “Зам, Тээврийн Хөгжлийн Төв” ТӨҮГ-ын холбогдох ажилтнууд ажлын хэсэг байгуулж дутагдлыг залруулах ажлыг газар дээр нь зохион байгуулж байна.
Иргэд олон нийтэд төөрөгдөл үүсгэж, алдаа дутагдал гарсанд хүлцэл өчье.
Авто замын салбарт хийгдэж буй инноваци технологийн ололтыг нутагшуулахад хүлээцтэй байж дэмжиж ажиллана гэдэгт итгэж байна.