Энэ сарын 10 нд “Олон улсын хүний эрх”-ийн өдөр болно. Энэ өдрийн өмнө аймаг сумын удирдлагууд ШШГЕГ-ын харъяа хорих 435-р анги, Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаар орж үйл ажиллагаатай нь танилцлаа.
Чанга дэглэмтэй хорих 435-р ангид хүнд, онц хүнд гэмт хэрэг үйлдэн олон жилийн хорих ял авсан 350 гаруй ялтан байна. Үндэсний дээл, гутал мөн шуудай оёх цех болон мод, чулуун сийлбэрийн цехэд 70 гаруй ялтан ажилхаас гадна хоол, ус зөөх зэрэг ахуйн үйлчилгээний ажлыг ч 100 аад ялтан гүйцэтгэж байна. Энэ нь нийт ялтануудын 50 гаруй хувь нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг юм.
Жирийн дэглэмтэй хорих ангид ял эдэлж байгаа болон албадан хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийг орон нутгийн бүтээн байгуулалтанд оролцуулах, чанга дэглэмтэй хорих ангид ажиллаж байгаа албан хаагчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн хамтран ажиллах гээд олон асуудлын талаар орон нутгийн удирдлагууд албан хаагчидтай харилцан ярилцаж санал бодлоо солилцлоо.
Хууль зүйн яам, хүний эрхийн байгууллагаас хийсэн шалгалтаар манай аймагт үйл ажиллагаа явуулж байгаа хорих ангиудын стандарт норм хэвийн хэмжээнд, хүний эрх, эрх чөлөө зөрчигдөөгүй байна гэсэн дүгнэлтийг гаргасан байна.