Монгол Японы эмнэлгийг түшиглэн багшийн эрүүл мэндийг дэмжих төвийн үйл ажиллагааг эхлүүлээд байна. Энэ төв нь эмнэлгийн тусламж үйлчилгээ, нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ гэсэн үндсэн хоёр чиг үүргийг хэрэгжүүлж ажиллана.
- Багш нар өрхийн болон аймаг дүүргийн эрүүл мэндийн төвд үзүүлнэ. Энэ үзлэгийн мөрөөр гуравдугаар шатлалын эмнэлэгт хандах шаардлага үүсвэл сургууль, цэцэрлэгийнхээ эмчээр дамжуулан багшийн эрүүл мэндийг дэмжих төвд хандах юм. Тус төв багшид шаардлагатай зөвлөгөө, мэдээллийг өгч, үзлэгийн болон хэвтэн эмчлүүлэх цаг захиалж өгнө. Зарим тохиолдолд гуравдугаар шатлалын бусад эрүүл мэндийн байгууллагад мөн холбон зуучлах юм.
- Мөн энэ төвийн эмч, мэргэжилтнүүд боловсролын байгууллагын эмч нарт цахим болон танхимын сургалт зохион байгуулна. Эхний ээлжид нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа боловсролын салбарын 500 орчим эмчийг сургалтад хамруулжээ. Цаашид орон нутаг дахь эмч нарыг чадавхжуулна. Энэ хичээлийн жилд багтаад эмч нарыг хамруулан артерийн даралт ихсэлт, томуу томуу төст өвчний дэгдэлт, толгойн өвдөлт гэсэн цуврал сургалт зохион байгуулахаар төлөвлөжээ.
Багшийн эрүүл мэндийг дэмжих төвд өнөөдрийн байдлаар 6 багш ирж шаардлагатай тусламж үйлчилгээг аваад байна. Орон нутгийн нэг багш мэс засалд орсон. Бие нь сайжирч байна. Энэ төвийн хамт олон Эмч аппликейшн ажиллуулж байна. Багш нар регистрийн дугаараа таниулж нэвтэрнэ. Ингээд эрүүл мэндийн зөвлөгөө мэдээллийг эндээс авч, шинжилгээний хариу авах, болон чат бот үйлчилгээгээр дэмжих төвтэй холбогдож болох юм.