“Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” хөтөлбөрийг хүний нөөцийн мэргэжилтнүүдэд танилцуулав

Монгол Улсын нийт ажиллах хүчний тоо 2023 оны эхний улирлын судалгаагаар 1.1 сая байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 17.2 хувиар, өмнөх улирлаас 47 мянгаар буурсан дүн гарчээ.

Хөдөлмөрийн хөлсний хэмжээ, эдийн засгийн чадавхиас хамаараад ажиллах хүч гадагшаа дайжих, гадаадад мэргэжлийн бус ажил хийхийг илүүд үзэх болсон. Мөн ажил олгогчдод тулгамдаж байгаа нэг  асуудал бол ажилтан ажилдаа сэтгэл ханамжгүй байх, аз жаргалгүй байх хандлага гэж хүний нөөцийн мэргэжилтнүүд онцолж байгаа юм.

Энэ нь ажлын бүтээмж, улмаар бизнесийн ашиг орлогод сөргөөр нөлөөлөх хүчин зүйл болж байна.

Тэгвэл яаж ажилдаа сэтгэл хангалуун, аз жаргалтай, эерэг хандлагатай, өндөр бүтээмжтэй ажилтныг бий болгох вэ гэдэг асуудлаар өнөөдөр “Ирмүүн” агентлагийн санаачилгаар Хүний нөөцийн судалгааны үндэсний хүрээлэн, Хувь хүний хөгжлийн институт, Эйч Ар клуб хамтран “Ажлын байрандаа аз жаргалтай аав, ээжүүд” лекц, сургалтыг ажил олгогч, хүний нөөцийн мэргэжилтнүүдэд зориулан  зохион байгууллаа.

Ажилтны аз жаргал, сайн сайхан байдлыг бүрдүүлэх хамгийн чухал хүчин зүйл нь гэр бүлдээ, үр хүүхдэдээ зориулах цаг зав, хайр халамж гэдгийг хүний нөөцийн бодлогын шинжээчид судалгаагаар нотолж байна.

Хамгийн гол нь энэ байдлыг тухайн ажилтанд бүрдүүлж өгөх нь ажил олгогч, хамт олны үүрэг гэдгийг тэд онцолж байв. Ковидын дараа “ажлын байрны тухай уламжлалт ойлголт” өөрчлөгдсөн талаар мэргэжилтнүүд ярьж байна. Хөл хорионы үеэр хүмүүс ажиллахын тулд амьдардаг уу, амьдрахын тулд ажилладаг уу гэдэг асуултыг өөрсдөдөө тавьсан нь анзаарагдаж, ар гэр, үр хүүхдэдээ цаг гаргах хүсэл, эрмэлзэл нь хүчтэй болсон гэж үзэж байна.

Судалгаагаар ажилтнууд юунд сэтгэл хангалуун бус байна вэ гэхээр цалин хөлсний хэмжээ, “ажил, амьдралын тэнцвэргүй байдал” гэж үзсэн.Тэр дундаа 35-40 насны ажилтнуудын хувьд “гэр бүлтэйгээ байх” хэрэгцээ шаардлага хамгийн өндөр байдаг ба энэ хэрэгцээ нь хангагдахгүй нөхцөлд аз жаргалгүй мэдрэмжийг авдаг гэдэг мэргэжилтнүүд хэлсэн юм.

 

 

 

 

Санал болгох мэдээ

2023 онд батлагдсан Монгол Улсын хуулиудад Төрийн тамга дарах ёслол болов

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Улсын Их Хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Энхбат …