“Этгээд” Монголын уран сайхны кино аравдугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсын Чикаго хотын кино театруудад албан ёсны нээлтээ хийх гэж байна. Тус киноны нээлтийн улаан хивсний ёслолд кино багийн төлөөлөл болох ерөнхий найруулагч Б.Баатар, продюсер С.Ангараг, зохиолч Г.Бямбасүрэн, зураглаач А.Жаргалсайхан, жүжигчин Ч.Сэлэнгэ, Б.Бадамцэцэг болон “Three flames pictures”-ийн продюсер Trevor Morgan Doyle, Б.Дөлгөөн нар оролцоно.
Кино багийн төлөөлөл Лос-Анжелес хотноо жил бүр зохион байгуулдаг аймшгийн болон зөгнөлт төрлийн киноны уран бүтээлчид цугладаг “HorrorCon-2023” нэр хүндтэй арга хэмжээнд 10 дугаар сарын 5-ны өдөр оролцсон байна.
“Этгээд” уран сайхны киног олон улсын зах зээлд “Aberrance” нэрээр гаргаж буй бөгөөд дэлгэцийн бүтээлийг олон улсын зах зээлд борлуулах, түүнчлэн Америкийн Нэгдсэн улсад монгол кино нээлтээ хийхэд “Three flames pictures” компани томоохон үүрэг гүйцэтгэж байгаа юм байна.
“Этгээд” уран сайхны кино 2022 онд “Улаанбаатар” олон улсын кино наадмын шилдэг киногоор шалгарч тус киноны найруулагч Б.Баатар шилдэг найруулагчийн шагнал хүртсэн. Мөн “Алмаз” зураглаачдын наадмаас шилдэг киногоор шалгарч, 2022 оны 9 дүгээр сард Германы Олденбургийн олон улсын кино наадмаас “Өвөрмөц зоримог шийдэл” төрөлд шагнал хүртсэн билээ.